Ерөнхийлөгчийн сонгуулийн үед аавынхаа арын фон болон ажиллаж, Тэргүүн охин гэж өргөмжлөгдсөн төрийн тэргүүн Х.Баттулгын охин Б.Намуун нэрээрээ сан байгуулсан. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд "Намуун" хүүхдийн сангаас Биокомбинатын хогийн цэг орчимд амьдардаг хүүхдүүдэд бэлэг тараажээ. Тэхдээ Биокомбинатын хүүхдийн номын сангаар үйлчлүүлдэг багачуудад бас гарын бэлэг гардуулжээ.
Биогийн хогийн цэг орчимд амьдрах хүүхдүүдийн хувьд эрүүл, аюулгүй орчин гэх зүйлгүй. Гадна хөглөрөх хог, энд тэнд хураасан хоёрдогч түүхий эд л байна. Нүдэнд торойх ганц сүүдрэвч ч байхгүй ийм л орчинд Монголын ирээдүй болсон хэдэн зуун хүүхэд амьдарч байна гэж Б.Намуун анзаарсан гэнэ.
Энд байгаа хүүхдүүдэд данц ганц ТББ, сайн дурынхны тусламж хангалтгүй. Тиймээс "Чингисийн хишиг" хүүхдийн номын сан, Биогийн хүүхдийн номын сангаар дамжуулж хүнс, хувцасны тусламжийг тогтмол хүргэж, номын сан байгуулж, англи хэлний сургалт явуулж байгаа аж.