alim.mn | 2024.12.24
МЗХ хоёр ерөнхийлөгчтэй, хоёр тамгатай болжээ

Монголын залуучуудын холбоог тойрсон хэрүүл үргэлжилсээр байна. Өнгөрсөн тавдугаар сарын 8-нд тус холбооны гишүүд зургадугаар Их хурлаа хийж,  А.Мөнхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, МЗХ-ны ерөнхийлөгчөөр О.Гэрэлт-Одыг сонгосон.  А.Мөнхбат нь МЗХ-ны хууль дүрмийг зөрчсөн хэд, хэдэн үндэслэл байгааг тус холбооны шинэ удирдлагууд мэдэгдлээ. МЗХ-ны  Үндсэн дүрэмд зааснаар хуучин ерөнхийлөгч  А.Мөнхбатын нас нь хэтэрсэн байна. Тодруулбал, тэрбээр энэ жил 43 настай. Залуучуудын холбооны дүрмээр гишүүдийн насны хязгаар 40 байх ёстой.  Хоёрдугаарт, МЗХ-ны даргыг нэг удаа улираан томилох ёстой. А.Мөнхбат нь 2013 онд МЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдож, 2015 онд түүнийг улираан сонгожээ. МЗХ-ны Үндсэн дүрмийн дагуу А.Мөнхбатын үүрэгт ажлынх нь хугацаа 2019 оны гуравдугаар сард дууссан байна. МЗХ нь шашин, улс төрөөс ангид байхыг дүрэмдээ тусгаж өгсөн. Гэтэл А.Мөнхбат нь Их хурлаа товлон хуралдуулахгүй жил гаруй болсон, 2016 оноос хойш улс төр болон шашны үйл хэрэгт залуучуудын байгууллагыг ашигласаар ирсэн аж.  Тодруулбал,  2016 оны улс төрийн сонгуульд Иргэний хөдөлгөөний намыг удирдан МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын залуучуудын төлөөллийг тус намаас нэр дэвшүүлсэн. Гүйцэтгэх хороо болон салбар холбоодын гишүүдийг Алтан дээд үнэний аялгуу гэх шашны үзэл сурталд оролцохыг шаардсан, салбар зөвлөлийн тэргүүнүүдийг дүрмийн бусаар үүрэгт ажлаас чөлөөлсөн зэргээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн тэргүүн нараас тус  холбооны Хариуцлагын хороонд гомдол гаргажээ. Дээрх шалтгаануудыг үндэслэн тавдугаар Их хурлаас сонгогдсон МЗХ-ны хяналтын дээд байгууллага болох Хариуцлагын хороо  Үндсэн дүрмийн дагуу хуралдан шийдвэр гаргаж, VI Их хурлыг зарлан хуралдуулж, А.Мөнхбатыг огцруулсан байна. Харамсалтай нь, А.Мөнхбат болон түүний удирдлага дор ажиллаж байсан  хүмүүс 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болсон, хууль бус тамга ашиглан төрийн болон хуулийн байгууллагуудад бичиг явуулж шинээр сонгогдсон удирдлагуудын ажлыг хийлгэхгүй саад учруулах болсон байна. Тиймээс МЗХ-ны шинэ удирдлагууд Монгол Улсад хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, албан байгууллагуудад анхааруулж мэдэгдэл гаргаж, хуурамч тамга тэмдэг ашигласан А.Мөнхбатын хууль зөрчсөн үйлдэлд МЗХ хариуцлага хүлээхгүй гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ