ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Г.Түмэн-Одтой ярилцлаа.
- Экологийн цагдаагийн алба байгуулагдсанд иргэд их сайшаалтайгаар хүлээн авч байна. Танайхаас хэрэгжүүлж байгаа хог хаягдлын арга хэмжээ олон нийтэд хүртээмжтэй болж байна. Аяны талаар яриагаа эхлүүлье
-“Хогоор бүү хорло” аян Эхлээд удаагүй ч олон нийтэд хүрч, иргэд мэдээ мэдээлэлтэй болж улмаар Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурч иргэдийн хандлага, ухамсарт нөлөөлөх нь бидний гол зорилго юм. Нийт Монгол Улсын хэмжээнд Байгалиа “Хогоор бүү хорло” нөлөөллийн арга хэмжээний цар хүрээ зөвхөн ахуйн хүрээний хог хаягдлаар хязгаарлагдахгүй байх Монгол Улсад жилд 1.4 сая.тн хог хаягдал үүсдэг гэсэн тооцоо судалгаа байдаг. Үүний 15 хувийг Барилгын хог хаягдал, 25 хувийг үнсний хаягдал, 60 хувийг Ахуйн хог хаягдал эзэлдэг. Барилгын салбарын хөгжил жил ирэх тусам өсөж байгаатай холбоотой барилгын хог хаягдлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Барилга угсралт болон буулгалт, айл өрхийн урсгал засвараас бетон, тоосго, хөөсөнцөр, сав баглаа боодлын хаягдал гэх мэтчилэн хог хаягдлууд ихээр гардаг.
Жилд дунджаар 100 мянган тонн барилгын хаягдал гаргадаг боловч энэ төрлийн хог хаях зориулалтын төвлөрсөн цэг байдаггүй. Хэдэн жилийн өмнө Туул голын бургас, хөл хөдөлгөөн багатай хотын захын дүүргүүдэд барилгын хог хаягдал ихээр хаягддаг байсан. Аливаа хог хаягдлыг ангилан ялгаснаар дахин боловсруулах боломж бүрддэг. Монгол улс өмнө байгаагүйгээр барилгын салбар огцом өсөлттэй хөгжиж байгаа орон боловч хог хаягдлын менежмент болон дахин боловсруулах салбарын хөгжил дутмаг байна.
Нийслэлчүүд барилгын хог хаягдлаа “Их нарангийн дэнж”, “Цагаан даваа” Морингын давааны төвлөрсөн цэгүүдэд аваачиж “булшилдаг”. Хогийг энд ангилж хаядаггүй” энэ цэгт ирсэн барилгын материалын хаягдлыг тусад нь ялгалгүй ахуйн болон, аж, ахуйн нэгжүүдийн үүсгэсэн энгийн хогтой нийлүүлдэг.
Барилгын хог хаягдал гээд ярихаар яалт ч үгүй буулгасан барилгын хаягдал Байгальд их хэмжээгээр хаягдаж хүний эрүүл мэнд, Байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.
Барилгын хог хаягдлын дийлэнх хэсэг нь буулгалтын ажлаас үүсдэг тул барилгын хог хаягдлын тоо хэмжээ жилд буулгасан барилгаас хамаарч янз бүр байдаг. Барилгын хог хаягдал нь жил бүрийн 3, 9 ба 10 дугаар саруудад ихэсдэг. Энэ нь барилга угсралт болон буулгалтын ажил нь улирлын байдал, цаг агаараас ихээхэн хамааралтай болох нь харагдаж байна.
- Манай улсад барилгын хог хаягдалтай холбоотой хууль дүрэм журам байдаг уу? Хэрэгжилт хангалттай юу?
- Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар тушаалаар БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, АНГИЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ,УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ батлагдсан. Энэхүү журмын зорилго нь барилгын хог хаягдлын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн нөөц баялгийг хэмнэх, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой.
Тус журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалт байдаг.
- Хууль эрх зүйн зохицуулалт нь батлагдчихсан бол одоо хэрэгжилтийг хангах нь чухал санагдаж байна. Танайхаас энэ тал дээр хэрхэн ажилладаг вэ?
- Энэ тал дээр төрийн үйлчилгээний байгууллага, аж ахуй нэгж байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэдийн хоорондын уялдаа холбоо чухал юм. Мөн барилгын компаниудад буулгалтын хогийг ангилах төсөв байдаггүй учраас хог хаягдлыг ангилдаггүй зэрэг асуудлууд олон байдаг. Барилгын хог хаягдлыг үүсгэж буй этгээд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, үүсч болох боломжит эрсдэлүүдийг анхаарч, бусад талууд /үйлдвэрлэгч, түгээгч, барилгын материал хэрэглэгчид, устгалын компани, дахин боловсруулах компани, улсын байгууллагууд/-тай хамтран ажилладаг байх хэрэгтэй.
- Цаашид энэ чиглэлийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд таны бодлоор иргэн, аж ахуй нэгж байгууллагууд анхаарах ёстой зүйл юу вэ?
- Барилгын хог хаягдлыг дахин хэрэглэх, дахин боловсруулах замаар барилгын хог хаягдлын менежментийг сайжруулснаар тогтвортой барилгын материалын хэрэглээг бий болгож хогийн цэгт хаях хогийн хэмжээг бууруулах юм. Барилгын хог хаягдлаас хэрэглэж болох түүхий эдийг ялгаж авснаар байгаль орчныг хамгаалж ашиг олох үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх, бизнесийн боломжууд маш их байна. Барилгын компаниудад тавих төлбөр ба урамшууллын схемийг боловсруулж хуульд тусгаж мөрдөх хэрэгтэй.