alim.mn | 2024.12.22
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН 2010-2012 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГААС 3,2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН ЮМ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН 2010-2012 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГААС 3,2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН ЮМ

УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2018.03-р сард байгуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлан ажилласан. Ажлын хэсэг тайлангаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдага ахлан яг нэг жил ажилласан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ. Энэ дүгнэлтээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлжээ. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн 4 нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан байна. Саяын Оюутолгойд хийсэн ажлын хэсгийг ахалж ажилласан Д.Тэрбишдагва гишүүн энэ талаар ам нээхгүй байгаа.   Энэ ажлын хэсгийг 2018.03-р сард байгуулсан. Жил ажилласан энэ ажлын хэсэг ямар дүгнэлт гаргасан нь олны анхаарлыг татаж байна. Өмнө нь Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар 2013 оны гуравдугаар сард Оюутолгой төслийн санхүүд шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Уул уурхайн яам, Сангийн яам, Эрдэнэс Оюу толгой компаниас 24 мэргэжлийн хүн ажиллаж, 2014 оны тавдугаар сарын 5-нд дүгнэлтээ гарган, Засгийн газарт танилцуулсан байдаг. Оюутолгой төслийн 2010-2012 оны санхүүгийн тайланд судалгаа, шинжилгээ хийж,  шалгалт оруулахад 3.2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн юм. Үүнд 2009 оноос өмнөх хайгуулын ажилд зарцуулсан мөнгийг хөрөнгө оруулалтад оруулан тооцсон нь нотлогдсон. Оюутолгойн гэрээг үзэглэхээс өмнө хөрөнгө оруулагч тал нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлагнасан байдаг. Гэвч ажлын хэсэг хянаад, 300-аад сая ам.долларыг хөрөнгө оруулалтад тооцох боломжгүй гэж үзсэн. Анх Оюутолгойн гэрээг байгуулахдаа өмнө нь гаргасан зардлуудыг оруулахгүй гэж тохиролцсоноо албан ёсоор баталгаажуулсан байдаг. Гэтэл хөрөнгө оруулагч үүнийг зөрчиж, 2004, 2005 онд хийсэн хайгуулын зардал болох 100 сая ам.долларыг оруулсан байжээ. Мөн “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, үйл ажиллагааны зардлын 45 хувийг зөвхөн “Флуор” гэх Хятадын компаниар анхан шатны баримтгүйгээр гүйцэтгүүлсэн. Түүнчлэн “Жиангсу Жианду” компанид “Оюутолгой” төслийн барилга угсралтын ажлыг хийлгээд хөлсийг өгөхдөө 52.6 сая ам.доллар илүү шилжүүлсэн байдаг. Мөн хөрөнгө оруулалтын хоёрдугаар шатны зардлаар бүртгэсэн 435.3 сая ам.доллар хууль зөрчсөн төдийгүй баримтаар нотлогдоогүй байсан. 121.5 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг “РиоТинто” компани “Туркойз хилл ресурс” компаниас худалдаж аваад буцаагаад “Оюутолгой" компанид 195.4 сая ам.доллараар тооцон худалдсан дүнгээр өрийн бичиг гаргасан байдаг. Мөн Монгол Улсад огт хийгдээгүй, гадаадад хийгдсэн хөрөнгө оруулалтыг хүртэл манай талын төлөх зээлд оруулаад бичсэн байсан зөрчил ирсэн. Тухайлбал, “Оюутолгой” компани 2010-2012 онд нэг тэрбум, 126 сая ам.долларын үнэ бүхий үйлчилгээг гадаадаас авсан байдаг. Энэ мэтээр Монголын талтай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, хүчин төгөлдөр байхад манай улсын хуулийг илтэд зөрчин зардлаа дураараа өсгөж байгааг МУ хүлээн зөвшөөрч болохгүй байсан. Тиймээс хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байсан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Харин дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нууцаар гадаад руу нисэж, олон мэргэжилтнүүдийн жил гаруй ажиллаж илрүүлсэн зөрчлийг Дубайн гэрээгээр бараг хүчингүй болгочихсон билээ. Харин энэ удаа ямар зөрчил илэрч, ямар арга хэмжээ авахыг олон нийт чих тавин хүлээж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ