Ливаны нийслэл Бейрутэд боомтын агуулах дэлбэрч 70 гаруй хүн амь насаа алдлаа. Энэ 2750 тонн аммиакийн нитратыг буруу хадгалснаас болсон гэж Ливаны Ерөнхий сайд Хассан Дияб твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
"Буруутныг тогтоон шүүхэд өгч, түүнд хамгийн хүнд шийтгэл оноох ёстой. Энэ харамсалтай явдлыг хариуцах эзнийг олох хүртэл би амрахгүй. Учир нь 2750 тонн жинтэй аммиакийн нитратын нэг багцыг 6 жилийн турш агуулахад хадгалах боломжгүй. Иргэдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлж байгааг харж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах байсан" гэж тус улсын ерөнхий сайд хэлжээ.
Ерөнхий сайд Хассан Дияб уг явдлыг шалгах комисс байгуулж, 48 цагийн дотор ослын шалтгааныг тогтоож, гэм буруутай хүмүүсийг тогтоохоо амлажээ.
Өчигдөр орой Бейрутын боомтын бүсэд хүчтэй дэлбэрэлт болж, олон хүн амь насаа алдаж, хүнд бэртэн, хотын барилга байгууламжийн тал хувь нь эвдэрчээ. Үүнээс болж эмнэлгүүд ачаалал ихтэй байна. Дэлбэрэлтэд өртөн амиа алдсан хүн 78, мөн 3,7 мянган хүн шархаджээ.
Бейрут нь Ливаны нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Газрын дундад тэнгисийн эрэгийн жижиг хойгт орших Ливаны хамгийн чухал усан боомт юм. Энэ хотыг анх МЭӨ 15-р зууны, эртний Египетийн Телл эл Амарна бичгүүдэд дурьдсан байдаг бөгөөд үүнээс хойш хүмүүс байнга оршин суусаар байна.