
“Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо. Тэрбээр дараагийн Гүйцэтгэх захирал сонгогдох хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийх аж. Эцсийн хугацаа нь 2021 оны гуравдугаар сар юм байна. Өнгөрсөн тавдугаар сард “Rio Tinto” компани Австралийн Пилбара муж дахь төмрийн хүдрийн төслийн талбай дахь тэсэлгээний үеэр Австралийн уугуул иргэдийн соёлын өв болсон 46 мянган жилийн түүхтэй газрыг сүйтгэсэн аж. Эл үйлдэлдээ тус компани албан ёсоор уучлал гуйсан ч Австралийн талаас шахалт байнга ирсээр байна. Иймээс тус компани хариуцлага тооцож, группийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак, мөн “Rio Tinto”-ийн Төмрийн хүдрийн салбар хариуцсан захирал Крис Салисбури, компанийн Харилцаа хариуцсан захирал Симоне Нивен ажлаа өгөхөөр болжээ.
Мөн “Turquoise Hill Resources” болон “Rio Tinto” компани “Оюу Толгой” төслийн санхүүжилттэй холбоотой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт төслийн одоогийн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд 500 сая ам.долларын санхүүжилт татах, харин шаардлагатай бусад хөрөнгийг “Turquoise Hill Resources” өөрөө бүрдүүлэх асуудлыг тусгажээ. Энэ мэдэгдлийн дараа “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 23 хувиар буурсан байна.