
БОАЖЯ-наас хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах (преслэх) төхөөрөмжийг 21 аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө.
БНХАУ-д үйлдвэрлэсэн уг төхөөрөмжийг "Сан Оргиу" ХХК нийлүүлжээ. Энэ төхөөрөмж цагт 300-500 кг хог хаягдлыг 60 тонны даралтаар шахах хүчин чадалтайг нийлүүлэгч компанийн захирал О.Пүрэвдорж танилцуулжээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар жилд 3.4 сая тонн хог хаягдал гарч байна. Үүнээс 1.2 сая тонн нь нийслэлд төвлөрч байна. Нийт гарч буй хог хаягдлын 10-15 хувийг хуванцар хог хаягдал эзэлж байгаа аж. Ийм хэмжээний хог хаягдлыг одоо жижигрүүлэх болж буй нь хогийг ангилан ялгаруулж дахин боловсруулах эхний алхам болж буйг БОАЖ-ын сайд онцоллоо. Ийм төхөөрөмж оруулж ирж, хэрэглэх санааг анх хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж буй "Сан Оргиу" ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэнэ.
Нэг ийм төхөөрөмж нь 14 сая төгрөгийн өртөгтэй. Цаас, цаасан хайрцаг, лааз, цахилгаан эдлэлийн хаягдал зэрэг хог хаягдлыг хүссэн хэмжээгээр дарж нягтруулах хүчин чадалтай. Хогийг дахин боловсруулахад ангилахаас гадна жижигрүүлж, боловсруулах үйл ажиллагааг илүү хөнгөлж бэлдэж өгч байгаа юм. Хогийг нягтруулж даран жижигрүүлсний дараа заавал зориулалтын гэхгүй, тээврийн ямар ч хэрэгслээр тээвэрлэх боломжтой. Ачаа тээврийн ямар ч хэрэгслийн ачих даацын хэмжээгээр шахах хүчин чадалтай төхөөрөмж аж. БНХАУ-ын Эрээн хотод айл болгоны гадаа шахуу байдаг энэ "преслэгч"-ийг 14 сая төгрөгөөр авсныг татвар төлөгчид шүүмжилж байна.
Энэ төхөөрөмжийн үнийг Алибаба сайтаас харвал 2 сая төгрөгөөр авах боломжтой. Харин улсын мөнгө уйлдаггүй болохоор үнийг нь өсгөн нэг бүрийг нь 14 сая төгрөгөөр үнэ цохин авчээ. Энэ төхөөрөмжийг авахад 525 сая төгрөг зарцуулсан гэхээр 22 "пресс"-ийн үнэ бүр өсөж, 23 сая 800 мянган төгрөгийн үнэтэй бололтой.
