alim.mn | 2024.12.23
УДШ-ийн шүүгчид Ц.Цогт дэмжигдэж, С.Батхүлэг гологдов

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн шүүгчид нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УДШ-ийн шүүгчид нэр дэвшүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг дэмжсэн бол хуульч С.Батхүлэгийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн тодотгож,  нэрээ татахыг шаардсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Голомтын Д.Баясгалан гэдэг хүнд шуналаа тат гэж хэлмээр байна. Өөрийнхөө ажилчдаас УИХ-д нэр дэвшүүлнэ, Тавантолгойн төмөр замын ажлыг тендергүй авч хийнэ. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах гэж байна. Шүүхийн тухай хуулийг зөрчиж, хуулийн дээд зарчим зөрчиж байгааг боль гэж хэлмээр байна. Өмнөх банкны захирлууд нь яг л ингэж бяр нь амтагдаж байгаад унасан. Голомт банкны захирал Монголын дараагийн эзэн болох гэж байгаа бол бид зүгээр харж байгаад эзний ширээнд нь суулгахгүй. Би баримттай ярина. Нэр дэвшигч Батхүлэг гэдэг хүний УИХ-д өгсөн анкет нь байна. Намтартаа 2002-2005 онд төслийн менежер, 2006 оны нэгдүгээр сараар гуравдугаар сард улс төрийн боловсролын академид багш, судлаач. 2006-2011 онд “Голомт” банканд хуулийн хэлтэст хуульч, хуулийн хэлтсийн захирал, 2013-2015 онд тус банкы удирдлагын ажлын албаны зөвлөх,  2016 оноос санхүүгийн зөвлөх, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2015 оны зургаадугаар сараас эхэлж ажилласан гэж тооцохоор дөрвөн жил зургаан сар өмгөөлөгчөөр ажилласан гэж үзье. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих шаардлагад давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байх, шүүгч прокуророор 10-аас доошгүй жил ажилласан байх, хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд 10-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлагуудын аль нэгийг хангасан байх ёстой юм. УДШ хэрэг маргааныг хяналтын журмаар эцэслэж шийддэг хамгийн дээд байгууллага. УДШ бол эрх зүйн хөгжүүлэлт хийдэг шүүх. Түүнээс биш компаниуд хуулийн зөвлөхөө уралдаж тавьдаг газар биш. Би Ц.Цогт шүүгч дээр ямар ч зүйл ярихгүй, дэмжиж байна. Ц.Цогт бол шүүхийн нүүр царай болж, ид өсөж яваа шүүгч. Энэ хүнд 200 хувийн санал өгч байна. С.Батхүлэгийг хувь хүнийх нь тухайд яриагүй. Түүний анкет, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хоёрыг л ярьж байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналтай байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Чоно борооноор гэгчээр Шүүхийн тухай хуулийг шинэчлэгдэж гарахаас  өмнө шударга ёсны шаардлагыг хуулиар өндөржүүлэхээс өмнө амжиж, хуулийн шаардлага хангахгүй хүнийг оруулж ирж байна. Монгол Улсын Үндсэн хуульд УДШ-ийн шүүгч нь хуульч мэргэжлээр арваас доошгүй ажил ажил ажилласан байх гэдэг шаардлага байгаа шүү. Одоо бидний хэлэлцэж байгаа, сайд Х.Нямбаатарын өргөн мэдүүлсэн  Шүүхийн тухай хуулийн төсөлд УДШ-ийн шүүгчид тавигдах шаардлага улам өндөрссөн. Анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажилласан байх, шүүхэд арван жил ажилласан байх,  хэргийг шударгаар шийдсэн байх, хэрэг уншсан байх, арван жилийн турш авлига хээл хахуульд нэр холбогдоогүй байх шаардлага тавьж, өндөржүүлэх гэж байна. Гэтэл тэрнээс өмнө банкинд ажилласан хүнийг нэр дэвшүүлээд сууж байна. Банкинд ажилласан гэдэг эрх ашгийн зөрчилтэй. УДШ-ийн  шүүгч бол хэний ч нөлөөнд үл автан хэрэг маргааныг шийдвэрлэх гэж байгаа.  Энэ хүн арван жил Голомт банкны эрх ашгийг хамгаалж ажилласан. Та өөрийгөө хэрэг маргаанд оролцож байсан гэж яриад байна. Голомт банкны эрх ашгийг хамгаалж, маргаанд оролцож байсан шүү дээ гэсэн юм.

Эцэст нь УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг хойшлуулах шийдвэрийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ