
Төрийн албан хаагчийн тангараг нь “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж...” гэх мэт сүртэй үгсээр дүүрэн байдаг. Гэсэн ч тэд хуулийг байтугай наад захын ёс зүйн хэмжээг сахидаггүй. Адаглаад бусдын гээгдүүлсэн эд зүйлийг “хаясан хүний хаяз, олсон хүний олз” гээд завшиж болохгүй гэдгийг ч үл тоомсорлож байна. Харин ч эсрэгээр нь “эр хүн олзонд, эрвээхай зуланд” гэгчээр ханджээ. Хохирогч иргэн Д.Г нь энэ оны 4-р сард “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 675 евро, 80 мянган төгрөгтэй хар цүнхээ гээгдүүлжээ. Гээдсэн цүнхийг Б.Б олсон байна. Гэтэл тэрээр жирийн нэгэн иргэн биш Цахим хөгжлийн яаманд ажилладаг тангараг өргөсөн төрийн албан хаагч мэргэжилтэн байж таарсан. Төрийн албан хаагч гуай гээгдсэн эд зүйл олоод зохих журмын дагуу цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй ч эцэстээ баригджээ. Энэ хэргийг шүүх саяхан шүүжээ. Тэрээр хүний гээсэн эд зүйл авсан гэдгээ хүлээсэн ч харин завшсан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байна.
Шүүх хүсэлтийх нь дагуу анх удаа эрүүгийн хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн гээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Хэрвээ жирийн иргэн байсан ингээд уснаас хуурай гарахад хэцүү л байх. Мэргэжилтэн гуай мөнгөтэй цүнх олоод олз гэж харсан. Үнэхээр л мөнгө авах гээд байсан бол цагдаад мэдэгдэж цүнхийг эзэнд нь хүлээлгэж өгөөд дараа нь Иргэний хуульд заасны дагуу нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх шагнал нэхэж болох л байсан.