alim.mn | 2024.12.22
“Ковид 19” цар тахалтай холбогдуулж хуулийн биелэлтийн талаар мэдээлэл сонслоо

Тус Түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, гишүүдэд Байнгын хороодын дарга нар, мөн Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөлөл буюу Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Бейсен, “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл С.Ганбаатар, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөл Т.Доржханд, бие даагч Н.Алтанхуяг нар багтсан байна. Түр хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаан 10.00 цагт ирц бүрдсэнээр эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, мөн Хууль зүй, дотоод хэрэг, Гадаад харилцаа, Эрүүл мэнд, Зам, тээврийн хөгжил, Уул уурхай, хүнд үйлдвэр, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар нар болон холбогдох бусад байгууллагын удирдлагууд оролцов. Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Цар тахлын ерөнхий нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын хоёрдугаар давалгаа гарсныг анхааруулж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцлов. Тэрбээр мөн 2020.11.02-ны байдлаар цар тахал дэлхийн 216 улс, газар нутгийг хамарч нийт 46 сая 860 мянгаас дээш хүн халдвар авч, 1 сая 200 мянга гаруй хүн нас барж, 33 сая 700 мянга гаруй хүн эдгэрсэн. Цар тахлын улмаас 54 улс дотоодын хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоосон, 95 улс олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагааг хязгаарласан, 91 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан. Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь хамгийн үр дүнтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолсон.   Сүүлийн үед халдварын шинж тэмдэггүй хүн халдвар тараах тохиолдол нэмэгдэж, хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, улмаар амьтнаас амьтанд халдварлаж буй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэлээ.

Монгол Улс дахь халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ, улс орнуудаас зөөвөрлөгдөн батлагдсан 349 тохиолдлыг илрүүлэн оношилж, 313 /90 хувь/ хүн эдгэрсэн, 36 хүн эмчлүүлж буй талаар онцоллоо. Эмчлүүлж буй хүмүүсээс 8-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна гэв. Мөн гадаад орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авчрах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулснаар хүндэтгэн үзэх 5 шалгуурт /жирэмсэн, өндөр настай, хүүхэдтэй, өвчтэй/ тэнцэх болон нэн хүнд нөхцөлд байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өмнөх саруудтай харьцуулахад эрс буурсан хэмээв.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ