alim.mn | 2024.12.22
ЭМДЕГ: Эмийн санхүүжилт урьд жилүүдийнх шиг эхний 1, 2 хоногтоо дуусахгүй тул иргэд санаа зовох хэрэггүй

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан бүх эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрхтэй болсон. Үүний дагуу улсын хэмжээнд 1600 гаруй эмийн сан энэ сарын 2-ноос иргэдэд хөнгөлөлттэй эм олгож эхэлсэн юм. Гэвч хөнгөлөлттэй эм хүртээмжгүй байна гэх шүүмжлэл их байгаа тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн тайлбар өглөө. Тэрбээр "Хөнгөлөлттэй эмийг өчигдрөөс эхэлж шинэ журмаар олгож эхэлсэн. Олон эрүүл мэндийн байгууллага, олон эмийн сан зэрэг цахимд холбогдсонтой холбогдуулан гацалт, хүндрэлүүд үүсч байна. Бид өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээ урьд шөнөжингөө ажиллаж, гарсан дутагдал, үүссэн нөхцөл байдлыг арилгахаар ажиллаж байна. Эмийн санхүүжилт бол урьд жилүүдийнх шиг сарынхаа эхний 1, 2 хоногт дуусахгүй. Бид хэрэгцээ шаардлагаа үндэслээд төсвөө тодорхой хэмжээгээр нэмүүлсэн. Тэгэхээр санхүүжилт дуусна, хурдхан авахгүй бол болохгүй гэсэн зүйл байхгүйг дахин хэлье. Иргэдэд хэлэхэд, эм нь дуусаагүй бол заавал сарын эхний 1, 2 хоногт очер дараалал үүсгэх хэрэггүй" гэлээ. 

ЭМДЕГ-ын хэлтсийн дарга н.Сувд-Эрдэнэ "Иргэд А. В, С, D ангиллын учрыг ойлгохгүй байх шиг байна. Жор бичих эмч нарыг ингэж ангилсан байгаа. Ямар учраас ингэж ангилсан бэ гэхээр ЭМЯ-наас баталсан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гэж байдаг. Үүнд, анхан шатны эмч нар энэ эмнүүдийг л бичнэ, хоёрдугаар шат, гуравдугаар шатны эмч нарын үүнийг бичнэ гэж заасан. Энэ ангиллын дагуу А. В, С, D  гэж ангилсан байгаа. Мөн хүмүүсийг чирэгдүүлэхгүйн үүднээс өчигдрөөс даралтны эмийг өрхийн эмнэлгүүдэд өгч эхэлсэн. " гэв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ