alim.mn | 2024.12.24
ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГЧИЙГ ЦААЗААР АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?

Есөн настай охин хойд эцэгтээ зодуулж, амь насаа алдлаа. Ой таван сартай хүүхдээ төрсөн эцэг нь зодож, амь насыг нь хөнөөлөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүг нас биед хүрсэн залуу хүчирхийллээ...

Өдөр бүр шахам хүүхэд хүчирхийлэлд өртлөө, амь насаа алдлаа гэх гаслан зовлон хөвөрдөг болжээ.

Сонсоход өр өвдөж, уншихад нүд хальтрам. Энэ дэлхийд зарим нэг нь үр хүүхэд төрүүлэхийн тулд болохоос нь эхлээд болохгүй хүртэл нь тэмүүлж байхад зарим нь зүгээр л эд агуурс шиг хандаж, аймшигтай үйлдэл гаргаж байгаа нь харамсалтай.

Хамгийн гол нь бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй байдаг. Гол төлөв хүүхдийн эцэг, эх, ойр тойрны хүмүүс хүчирхийлэл үйлддэг учраас тухайн хүүхэд хүчирхийллийн голомтоос явлаа гэхэд очих газар, хандах хүн хүрээлэл дундаа л үлддэг. Есдүгээр сарын сүүлээр нас барсан есөн настай охин хойд эцэгтээ зодуулж, амьсгал хураахынхаа өмнө өөрөө 103-т дуудлага өгсөн байдаг. Түүнд хэн ч анхаарал хандуулаагүй, хэн ч хайрлаагүй, бас хэн ч хамгаалаагүй учраас энэ хорвоогоос одсон. Одоо тэр бурхны оронд амгалан нойрсож байгаа. Харин түүнийг нас барсны дараа УИХ-ын эмэгтэй гишүүд хэлэлцүүлэг хийсэн болоод л өнгөрсөн.

Энэ аймшигт хэргээс хойш хүүхдийн хүчирхийлэл дахин дахин гарсаар л байна. Хүчирхийллийг таслан зогсоох нэг арга нь "Цаазын ялыг сэргээх" гэсэн байр суурь нийгэмд хөндөгдөж эхэллээ. Тэгвэл цаазын ялыг сэргээлээ гээд хүчирхийлэл буурах уу?


ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГЧИЙГ ЦААЗААР АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?
 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн шууд санаачилгаар 2012 онд цаазын ялыг халах Олон улсын протоколд Монгол Улс нэгдэн орж, түүний санал санаачилгаар цаазын ялыг халах талаар олон ажил зохион байгуулсан билээ.

Харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой" гэсэн байр суурьтай байдаг.

Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны арванхоёрдугаар сард батлагдаж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан. Гэтэл Их засаг хуульд цаазын ял оноох хэд хэдэн тохиолдол байсан талаар хуульч, судлаачид илэрхийлж байгаа юм. Тухайлбал, урсгал усанд хувцсаа угаасан хүнийг цаазалдаг байсан, урвагчдыг цаазалдаг байсан гэх мэт жишээнүүд байгаа талаар ч одоогийн Ерөнхийлөгч дурьддаг. 

Хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчийг цаазаар авснаар хүчирхийллийн тоо буурах уу? Хүссэн ч, хүсээгүй ч энэ асуулт өнөөдөр нийгмийн шаардлагаар тавигдаж байна. Холбогдох асуултын хүрээнд бид албаны хүмүүсийн байр суурийг тодрууллаа. 

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа:

-Цаазын ялыг сэргээлээ гээд хүчирхийллийн тоо буурна гэж байхгүй. Манай улс Эрүүгийн хуульдаа бүх насаар нь хорих хүртэл ял заасан байдаг. Нарийндаа бол бүх насаар хорих нь цаазаар авснаас ч илүү хүнд ял юм. Тэгэхээр цаазаар авна гэхээс илүү нийгмийн хандлагыг яаж өөрчлөх, хүчирхийлэл гэр бүл дотроос гарч байгаа учраас ирээдүй хойч үеэ яаж хүмүүжилтэй, сайн сайхан өсгөх вэ гэдэг асуудал чухал. Нэгэнт хүчирхийлэл үйлдээд байгаа нөхдүүдийн зан үйлийг яаж засах вэ гэдэг асуудал чухал. Шоронд хоригдсон хүмүүст зан үйлийг нь зассан сургалт явуулах ёстой. Тэр сургалтаас хүн өөрөө өөрийгөө олж авч, ойлгож байж үйлдлээ засна. Би өөрөө зодуулж өссөн учраас ингэж өсгөх ёстой гэдэг хүмүүс байдаг. Тиймээс зодож хүмүүжүүлдэг арга буруу юм, өөр аргаар хүмүүжүүлэх ёстой гэдэг сургалтыг өгч байж тухайн хүний зан үйлийг  өөрчлөх боломжтой. Цаазаар авлаа гэдэг нэмэргүй, хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлж, нийгмийг соён гэгээрүүлэх нь чухал юм.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх Д.Санчир:

-Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн эрхтнийг таслах, хүүхэд хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах санал сошиалд гарч байна. Энэ нь хүчирхийллийн асуудлыг хүчирхийллээр шийдэх гээд байна гэсэн үг. Ингэснээр нийгэмд сөрөг нөлөө үзүүлнэ. Нэгэнт хүчирхийлэл үйлдсэн этгээдийг цаазаар авлаа гээд тухайн хүүхэд бүрэн бүтэн болохгүй. Тиймээс зан үйлд нөлөөлөх сургалт явуулах, эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа хүүхдийг илрүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийг албадан сургалтад хамруулах зэргээр үе шаттай тэмцэх ёстой. Шууд цаазлахын оронд ялаа эдлээд, ухаарах боломж олгох нь чухал. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сайн дурын сургалтад хамруулах хууль эрх зүйн орчин бол хангалттай бий. Сайн дурын сургалтыг хуульчилж өгсөн ч одоогоор сайн хэрэгжихгүй байгаа.

Нэг үеэ бодвол хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэл идэвхжсэн ч хүүхдийн хүчирхийлэл буурахгүй байгаа нь тоо баримтаас харагддаг. Гэхдээ хүүхдийн хүчирхийлэл бол зөвхөн хэдэн байгууллаггын хариуцах асуудал биш бөгөөд хорооны нийгмийн ажилтан, хүүхдийн байцаагч, хөрш айлууд ч чухал үүрэгтэйг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа онцолж байлаа.

 

Эх сурвалж: zindaa.mn


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.126.90.77
zow shte
Зочин
4 жилийн өмнө
202.126.90.77
zow shte
Төстэй мэдээ