Уран зургийн хоббитой дарга нарын жагсаалтыг Ц.Элбэгдорж тэргүүлж Х.Бадамсүрэн удаалж эхэллээ. Эрдэнэт үйлдвэрийн мөнгөний их будлиан нэгэнтээ олонд дэлгэгдэж, удирдлагуудын төсөвийн хөрөнгөд үрэлгэн хандсан үйлдлүүд шилэн дансны мэдээллээр дэлгэгдсээр байгаа. Хэдхэн хоногын өмнө л гэхэд "Эрдэнэт Үйлдвэр"-ийн ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрт 102 сая төгрөг, түүний орлогч Б.Буянжаргалын эмчилгээний зардалд 219 сая төгрөг гээд нийтдээ 300 гаруй сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс шилжүүлсэн байсан нь нотлогдсон. Мөн 52 сая төгрөгийн массажны сандал, мөнгөн аяга, 512 сая төгрөгийн G-Class машин гээд үйлдвэрийн хөрөнгийг үргүй зарцуулжээ. Тэгвэл энэ удаад "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал 8,132,475₮ уран зургийн урьдчилгаа төлбөр төлжээ.