Энэ жил УОК-ийн шийдвэрээр шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахгүй гэж шийдсэн нь урлагийнханыг тэр тусмаа дуучид, хошин шогийхнийг гонсойлгосон. Ийнхүү шинэ жилээр их хэмжээний орлого олдог цаг нь өнгөрсөн. Урлагийнханд хангалттай мөнгө амладаг, өгдөг газар нь “Эрдэнэт” үйлдвэр байсаар ирсэн. Жилийн жилд шинэ жилийн арга хэмжээ нь улам тансаг гоё болсоор байна. Х.Бадамсүрэнг ерөнхий захирлаар ирсэний дараа тансаглал нь улам ч нэмэгдсэнийг дуучид, урлагийнханд цацсан мөнгөнөөс нь харж болно. “Эрдэнэт” үйлдвэр шинэ жилээр нь дуулсан, хөгжөөсөн уран бүтээлч гэх нөхдөд нийтдээ 48,8 сая төгрөг төлжээ. Энэ нь маш их мөнгө юм. “Эрдэнэт”-ийн шинэ жилд дуулсан бүжиглэсэн уран бүтээлчид ийнхүү уут уутаар нь мөнгө авсан байна. Үйлдвэрийнхэн ч ерөнхий захирлаа сэтгэл ханамжтай сайхан шоудуулахын тулд мөнгийг харамгүй зарцуулдаг гэдгээ давхар харуулжээ.