Энэ хэрэг бараг гурван жилийн өмнө гарсан. Хэргийг “Хүүхдийн төлөө амьдрах ухаан” ТББ-ынхан АТГ-д мэдэгдсэн агаад ЭМНДЕГ-ын дарга нар тэднийг дуудаж “биднийг матлаа, одоо “Жаргалан сувилалд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ” хэмээн ширүүн маргаантай хурал болж байсан гэдэг. “Хүүхдийн төлөө амьдрах ухаан” ТББ-ыг өндөр настай С.Ч тэргүүлдэг. Дэргэдээ жилд 1500 хүүхэд сувилдаг сувилалтай. Нийгмийн даатгалын мөнгөөр сувилдаг тул санхүү нь бүхэлдээ төрөөс хамаардаг гэхэд болно. Иймд санхүүжилтээ хугацаанд нь тогтмол бас саадгүй авч байхын тулд ЭМНДЕГ-ын удирлагатай сайн харьцаатай байхыг мөнгө авдаг бүх байгууллагууд эрмэлздэг гэнэ. Жаахан эвгүйтвэл санхүүжилтийг саатуулах, зогсоох, шалгалт оруулах, дарамтлах зэргээр хохироодог. Тухайн үед ЭМНДЕГ-ын Бодлогийн хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байсан И.Э гэр орноо хөдөөнөөс хот руу нүүлгэхээр болжээ. Ингээд “Хүүхдийн төлөө амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн лүү залгаж “гэрээ нүүлгэх гэсэн юм шатахууны мөнгө зээлээч” гэжээ. Тэднийг анх нутгийн хүн Бавуу танилцуулж байсан гэнэ. Тэр үед ТББ-ын тэргүүн нь “тусламж хэрэгтэй бол хэлээрэй” гэж байсан тул мөнгө зээлэхээр шийдсэн гэнэ. С.Ч ч танилын нүүр халуун тул туслахаар шийдэж ТББ-ынхаа данснаас “аж ахуйд” гэж зарлагдаад нягтлантайгаа хамт явж банкнаас бэлнээр авчээ. 20 мянгатын дэвсгэртээр хоёр сая төгрөг бэлдээд ЭМНДЕГ –д очиж өөриййн биеэр даргад өгчээ. Мөнгөө өгчихөөд буцан ирж машиндаа суухдаа “яс саллаа, муусайн авлигачид хэцүү юм” гэжээ. Бодлогийн хэрэгжилтийн газрын дарга авсан мөнгөө эхнэртээ шилжүүлжээ. Эхнэр нь захаас машин хөлслөн хэдэнтээ нүүж гэр орноо хотод авчирсан гэнэ. ТББ-ын тэргүүн нь мөнгөө нэхсэнгүй, дарга ч өгөхгүй явсаар байжээ. Харин хэрэг АТГ-д хүрсэний дараа буюу энэ оны хавар дарга утасдаж “та өргөдлөө ав, бас мөнгөө ав” гэснээр хоёр сая төгрөгөө буцааж авсан. Даргатан анх мөнгө авахдаа буцааж өгнө гэж хэлсэн агаад гурван жилийн дараа ийнхүү буцааж өгчээ.