Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо.
Эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэжээ.
200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй.
Энэ бодлого, хөтөлбөр нь нийт өрхийн амьжиргааг дэмжихээс гадна айл өрхөөрөө дамжуулан нийт 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүддээ өгч буй бодитой, үр дүнтэй, чиглэсэн дэмжлэг болж чадна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Түүнчлэн гамшигтай тэмцэхэд зарцуулагдаж байгаа төсвийн болон хандив тусламжийн хөрөнгө ил тод бус, хардлага эргэлзээ төрүүлэх, хэт даамжирвал ард түмний жигшил, дургуйцлийг дээд зэрэгт хүргэн өдөөх хэмжээнд хүртэл асуудлыг хурцатгах хаалттай, бүрхэг байдлаар зарцуулагдаж болохгүйг санууллаа.
Тодруулбал, цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562,400,000 ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон байна. 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого төсвийн тодотголд батлагдсанаар 9.7 их наяд байгаа бөгөөд Засгийн газрын хүлээн авсан хандив тусламж, хөнгөлөлттэй зээл энэхүү төсвийн орлогын 16 хувьтай тэнцэх хэмжээний байх тул зарцуулалтыг ард түмэндээ ил тод тайлагнаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцлийг зохих ёсоор нь бэхжүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, гамшгийн хүнд үеийг хамтын хүчээр даван туулахыг чухалчлах нь зүйтэй гэжээ.
ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЕРӨНХИЙЛӨГЧ
- Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
- Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох;
- Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
- Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
- Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад санал болголоо.