Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын шимтгэл жил бүр өсч байгаа. Баялаг бүтээгчид хуулийн хүрээнд татвараа төлөөд явдаг. Одоо ирэх оноос ахиад нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх гэж байна. Ажил олгогч 74 тэрбум төгрөг, ажилтан буюу даатгуулагч 74 тэрбум төгрөг төлөх гэж байна. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. “Капитал” банкнаас авах ёстой 240 тэрбум төгрөгөө аваач. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банкны мөнгийг иргэд төлөх ёсгүй. Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа бөгөөд ам.долларын ханш хэлбэлзэлтэй байна. Гэтэл бодит амьдрал дээр цалин хөлс нэмэгдэхгүй байгаа хирнээ татвар, шимтгэл нь нэмэгдээд байхаар ард түмний амьдрал маш хүнд байна. Авч байгаа цалин мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй байгаа. Улсын төсөв 2.1 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдахдаа Жижиг дунд үйлдвэрлэлийн мөнгийг оруулж батлаагүй. Өнөөдөр Монгол Улсын зах зээл дээр 80-90 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон баялаг бүтээгчид эзэлж байгаа” гэлээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны УЗ-ийн гишүүн н.Бумбацэнд “Бид дээр дооргүй ажиллах хүчний хомсдлын талаар ярьж байгаа. Гэтэл Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэл нь өөрөө ажиллах хүчний хомсдлыг үүсгэж байгааг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын дундаж цалин нэг сая төгрөг боллоо гэж ярьж байна. Нэг сая төгрөг гэдэг бол их цалин. Гэтэл түүнээс 337 мянган төгрөгийг нь ямар нэг хэлбэрээр шимтгэл, даатгалд төлж, үлдсэн мөнгийг нь иргэд өөрийнхөө амьдралд хүргэх гэж арай ядан зүтгэж байна. Гэтэл цаана нь татвар төлөхгүй гээд хувиараа өөрийн амьдралаа залгуулж байгаа маш олон иргэн байна. Иргэд ажилд орохдоо хамгийн түрүүнд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал төлөх үү гэж асуудаг. Энэ бол Нийгмийн даатгалын шимтгэлд дарлуулж байгаагийн л илрэл. Ядаж Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл насаараа төлсөн иргэний төлбөр нь дараа нь өөрт нь хүрч чаддаг бол нэм гэхсэн. Гэвч үнэндээ хүрдэг бил үү. Монгол хүн 137 жил амьдарч байж Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын шимтгэлийн үр шимийг үзнэ гэж судлаачид дүгнэсэн байна. Харин монголчуудын дундаж наслалт талд нь ч хүрэхгүй" гэв.