Өдгөө иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа Өмнөд Судан улсад дайны хажуугаар дажин гэгчээр хүний наймаа газар авчээ. Тус улсад охидыг худалдан авч эхнэрээ болгох нь ёс заншлаас нь үүдэлтэй. Саяхан энэ оны хамгийн үнэтэй сүйт бүсгүй тодорчээ. Олон хүүхэдтэй эхнэр нөхөр хоёр 17 настай Ньялон Нгонг Дэн Жаланг гэдэг охиноо нөхөрт гаргах нэрийдлээр дуудлага худалдаагаар шууд зарсан байна.
Охины тухай мэдээлэлдээ онгон болохыг нь зориуд тодотгож өгчээ. Үүний ачаар дуудлага худалдаанд оролцогчдын тоо эрс нэмэгдэж анхны үнэ нь ч өссөн байна. Бие хаа сайтай, 17 настай охиныг өөрийн болгох эцсийн шатанд зургаан чинээлэг эр үлджээ. Тэднээс мужийн захирагчийн орлогч албан тушаалтай Дэвид Майом Риак нь 250 үхэр санал болгосон бол Коку Алату гэдэг баян бизнесмэн бүр ихийг амласан байна. Тэрээр охины эцэг эхэд бараг хоёр дахин олон буюу 530 толгой үхэр дээр гурван "Land Cruiser" загварын жийп өгөөд ялагч болж охиныг авчээ. Коку Алату нь есөн эхнэртэй бөгөөд 10 эхнэртэй болохыг мөрөөддөг байсан тул онгон охины төлөө гар татаагүй аж. Төлбөрөө төлсөний тэр дор нь охиныг богтлон авч хурим хийжээ.
Охины аав ээж шууд тосгоны тэргүүн баян болжээ. Тосгоныхон нь ч Өмнөд Суданы хамгийн үнэтэй сүйт бүсгүйг төрүүлсэндээ тун их баярлаж баяр хийсэн гэнэ. Баян бизнесмэн 10 дахь эхнэрээ авсаны хурим найраа өргөн бас нижгэр хийсэн байна.
Тус улсад охидын 52 хувь нь 18 насанд хүрээгүй үедээ нөхөрт гардаг гэсэн тооцоо бий.