“НИК” компани төрийн өмчит байхдаа 100 жил хэрэглэх бичгийн цаасний нөөцтэй байсан гэдэг. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд нэлээд жилийн хэрэгцээгээ хангах хэмжээний бичгийн цаасыг нэг худалдан авалтаар хийжээ. Үйлдвэрийн удирдлага “Инситу” компаниас 42 сая төгрөгөөр бичгийн цаас авсан байна. Бараг хагас зуун сая төгрөгийн бичгийн цаас гэхээр уул овоо шиг их эд л төсөөлөгдөж байна. Агуулахад нь маш их зай эзлээд байж байгаа байх даа. Дээр нь тэр их бичгийн цаасандаа хүргэх гэсэн 80 гаруй сая төгрөгийн бичгийн хэрэгсэлийг бүгдийг нь шууд худалдан авалтаар авчээ. 400 мянгаас таван саяын өртөгтэйг нь шууд худалдан авч болно. Гэхдээ “Номин тав трейд” компаниас 74 сая төгрөгийн бичгийн хэрэглэлийг шууд худалдан авсан нь илт хууль зөрчсөн үйлдэл болжээ. Холбогдох байгууллагууд энэ худалдан авалтыг шалгах ёстой. Нөгөө талаар “Эрдэнэт” үйлдвэр нь цахимжуулах, компьютержүүлэх, программ хангамжаа сайжруулахад жил бүр маш их хөрөнгө зарцуулдаг. Зарцуулсан хөрөнгөөс нь харахад Монголын хамгийн сайн цахимжсан, албан тоот нь цахим шуудангаар илгээгдэж бичгийн цаас бараг л хэрэглэдэггүй газар мэт санагддаг. Гэтэл үгүй аж. “Эрдэнэт” үйлдвэр жил бүр уул овоо шиг бичгийн цаасыг зүгээр “идчихдэг” хэвээрээ л байна.