Дархан-Уул аймагт ажиллаж буй, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр тус аймагт дэгдсэн коронавируст халдварын эхний тархалтыг хумилаа гэв.
Маргаашаас эхлэн Дархан-Уул аймгийн дэглэмийг сулруулах, дөрвөн хэсэгт хуваасан блокон системийг хоёр болгох, блок доторх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, нийтийн үйлчилгээний хэд хэдэн газрын үйл ажиллагааг нээх бололцоо бүрдлээ
Тэрээр “Дархан-Уул аймагт нийт 22 мянга хүнд хийсэн шинжилгээгээр хоёр том голомт үүссэнийг тогтоосон. Тиймээс "Нэг өрх- Нэг шинжилгээ" гэсэн уриатайгаар мөн 22 мянган өрхийг шинжилгээнд хамруулахад Дархан-Уул аймагт 44 тохиолдол батлагдлаа. Ойрын болон дам хавьтлыг тусгаарлах ажиллагаа дууссан. Ингэхдээ 400 гаруй хүнийг тусгаарлаж, хүн амын нэг хувьд тооцож 1000 гаруй орыг бэлдсэн. Эхний 500 ор бүрэн ачаалалттай ажиллаж байна. Тусгаарласан иргэдээс давтан шинжилгээгээр коронавирус илэрч байгаа нь тусгаарлах арга хэмжээ зөв байж, цаг алдаагүйг илтгэж байна.
Маргаашаас эхлэн Дархан-Уул аймгийн дэглэмийг сулруулах, дөрвөн хэсэгт хуваасан блокон системийг хоёр болгох, блок доторх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, нийтийн үйлчилгээний хэд хэдэн газрын үйл ажиллагааг нээх бололцоо бүрдлээ. Мөн хамгаалалт, эргүүлийн ажлыг эрчимжүүлнэ. Дархан-Уул аймгаас гарах хүсэлтэй 1000 гаруй хүн, ирэх хүсэлтэй 2000 гаруй хүнийг бий. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж, тусгаарлах, оношлох, эрт илрүүлэх, эмчлэх гэсэн цогц ажил маань дуусаж эхний дэгдэлтийг хумьж чадлаа хэмээн дүгнэж байна” гэлээ.