Дубайн гэрээтэй холбоотой Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан, УИХ-ын гишүүнтэй маргасан асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбархийлээ. Тэрээр “Дубайн гэрээний төлөвлөгөөг шүүмжилж байгаа хүмүүстэй би ижил байр суурьтай байдаг. Гэхдээ Ч.Сайханбилэг гэдэг хүн Монгол Улсын Ерөнхий сайд байсан нь үнэн. Ерөнхий сайд захирамж гаргах эрхийг Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт өгсөн нь үнэн. Тэр төлөвлөгөөгөөр 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь бас үнэн. Тэр үед манай нам тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь үнэн. Үүнийг худлаа гэж зугатах уу. Ийм байдал бий болсон учраас асуудлыг их нухацтай шийдэхгүй бол болохгүй. Ойрын үед хөрөнгө оруулагчдын ТУЗ-ийн хурал болж, энэ төслийг цааш явуулах эсэх асуудал тавигдсан байхад Захиргааны хэргийн шүүх гаргаж, УИХ төсөл зогсоох шийдвэр гаргавал яах вэ. Цаашид юу болох вэ. Бид ганцаардвал яах вэ. Рио Тинто гэх компанийн дэлхийн хоёрт жагсдаг. Энэ компанийн ард Английн хатан хааны гэр бүл, Австрали гэх мэт, томоохон банкууд гээд хүч тэнцвэргүй тулаанд орох эрсдэл нүүрлэж байгаа учраас үүнээс болгоомжлох ёстой. Оюутолгой тойрсон хардлага, сэрдлэг, гэрээ байгуулсныхаа төлөө сайд нар хоёр тэрбум ам.доллар авсан, С.Баяр нэг тэрбум ам.долларыг, бусад гарын үсэг зурсан сайд нар авсан гэх хардлага байдаг. Бүлгийн хурал дээр үүнээс болж хэрүүл үүссэн. УИХ-ын гишүүн хүн 200 сая ам.долларын хахууль авсан гэж байгаа бол тэр хүмүүсээ шоронд хий гэдгээс л бүлгийн хурал дээр маргасан. 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчээд 2 тэрбум ам.долларын хахууль авна гэж юу байх вэ, үнэн бол мөнгөө хуваа, худал бол мэдээллээ өг гэдгийг одоогийн Х.Баттулга Ерөнхийлөгч сонсч байсан хуралдаан дээр би хэлсэн. ҮАБЗ-ийн гишүүд миний ярьж байгаа энэ төслийг зогсоож болохгүй гэдэгтэй ижил саналтай байгаа шүү. УИХ, Засгийн газар өөрсдөө зөвшөөрч хөрөнгө оруул гэчээд, хөөж гаргаж болохгүй. Би Оюутолгойг хамгаалж байгаа нь үнэн. Шүүхийн маргаанаас болж Монголыг хорлож болохгүй. Ийм зүйл яриад байгаа хүмүүс сонгуульд ялагдаад өөр өөрийн замаар явна. 15 мянган хүн ажилгүй болвол энэ хүмүүс төлөх үү, 9 тэрбум ам.долларыг эд нар төлөх үү. Үгүй шүү дээ, ард түмэн л төлнө. 250 сая ам.долларын хахууль авсан хүнийхээ нэрийг тодорхой болгож, АТГ-т өгөх хэрэгтэй энэ яриад байгаа гишүүд. Тэр эх орноо худалдсан сайд С.Баяр, Д.Зоригт, Ц.Нямдорж, С.Баярцогтын аль нь юм бэ гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газартайгаа нийлж байгуулсан гэрээ. Монгол төрийн бүх институти оролцсон гэрээ” гэв.