-Та аль аймгийн хүн бэ?
-Намайг Д.Мөнхболд гэдэг. Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн. Улаанбаатар хотод түр барилгын ажил хийхээр ирсэн. Ажлаа дуусгаад буцах гэж байтал коронавирус гарч хөл хорионд орсон. Ингээд хөдөө орон нутгийн иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулсны дараа нутаг буцаах УОК-ын шийдвэрийн дагуу 119.mn сайтад арай гэж бүртгүүлээд СХД-ийн 19 дүгээр хороо 62-р сургууль дээр шинжилгээ өгөхөөр өглөө 08:30 цагт очсон. Миний шинжилгээ өгөх цаг 09:00 цаг байсан. Гэтэл шинжилгээ өгөхөөр очиход үүдэнд нь хүмүүс шавчихсан байсан. Ямар нэгэн зохицуулалт хийж байгаа ч хүн байхгүй. Ингээд цаг нь болохоор овог нэр, регистрийн дугаараар нь дуудаад оруулах юм болов уу гээд хэсэг харсан. Энэ зуур иргэдийн тоо нэмэгдсээр байсан. Ингээд миний шинжилгээ өгөх цаг болоход эх замбараагаа алдсан. Юун нөгөө 1.5-2 метрийн зай барих. Хүмүүс ирсэн дарааллаараа орно гэж зүтгээд цаг авсан бид нар ч цагаараа орно гээд бөөн юм болсон.
-Шинжилгээ өгсөн хэсэгт нь цагдаа, ЭМЯ, УОК-оос алба хаагчид зохицуулалт хийгээгүй юм уу?
-Аль байгууллагынх нь мэдэхгүй алба хаагчид 09:30 минутын үед ирсэн. Иргэд хэдий нь эмх замбараагүй байдал үүсгэчихсэн болохоор тийм ч амархан эмх цэгцэнд ороогүй. Сүүлдээ дарааллаа алдахгүй гээд бие биеэнтэйгээ наалдаж, тэврэлдээд зогсчихсон. Бараг бослого шахуу юм болж байсан. Энэ бол УОК,ЭМЯ, Засгийн газар ямар арчаагүй, ажилгүй, ажил зохион байгуулах чадвар муутай гэдгийг харуулж байгаа ганцхан жишээ. Юун нөгөө коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх. Тухайн иргэд дотор хэн нэгэн нь коронавирусийн халдар авчихсан явахыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэгвэл тэнд байсан бүх хүмүүс халдар авах эрсдэлтэй байсан. Хатуу хөл хорио гээд сүржигнэж юу боллоо. Гэтэл ганц ажил олигтойхон зохион байгуулж чадаагүйгээс болж энэ олон хүний хичээл зүтгэл талаар нэг боллоо.
-Та бүртгүүлсэн цагтаа шинжилгээгээ өгч чадсан уу. Яагаад иргэдийн бөөгнөрөл үүссэн гэж бодож байна?
-Шинжилгээгээ авсан өгч чадаагүй. Шинжилгээ өгөх цагт эмч нар нь ч ирээгүй байсан. Сүүлдээ хүчтэй нь хүчгүйгээ гэдэг байгалийн шалгарал болсон гэхэд буруудахгүй. Миний хувьд авсан цагаа үзүүлээд урд хэсэгт орж чадсан. Хамгийн гол нь 119.mn сайт нь ажиллахгүй байсан учраас цаг аваагүй иргэд хүрээд ирсэн юм байна лээ. Аргагүй шүү дээ. Анхнаасаа дутуу дулимаг мэдээллээр хангахаас гадна хагас дутуу үйлчилдэг сайт нээснээс болоод ийм завхарсан ажил болж байгаа юм шүү дээ. “Арванхоёрдугаар сарын 1-нээс хэдхэн хоног нээгээд дахиад орон нутгийн иргэдийг гаргахгүй” гэдэг мэдээлэл их гарсан. Тийм болохоор хөдөө орон нутгийн иргэд ямар нэгэн аргаар энэ шинжилгээнд нь хамрагдаад эхний ээлжийн автобусанд багтаад гэртээ харихыг л хүсээд байна шүү дээ. Айлаар олон хүн байна гэдэг хэн хэндээ амаргүй л байгаа шүү дээ.
-Та хэдэн цагт шинжилгээгээ өгсөн бэ?
-Үдийн 14:00 цаг өнгөрөөгөөд өгсөн. Хамгийн гол нь 5-6 хүн ороод 30-40 минут болно. Хариу нь гарах хүртэл бид гадаа хүлээхээс өөр аргагүй. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгааг ч хэлэх үү. Өчигдөр бас чамгүй хүйтэн өдөр байлаа. Би яахав гэхэд өндөр настай, нялх хүүхэдтэй хүн ч олон байна лээ. Тэд нарт бүр л хэцүү байгаа шүү дээ. Зарим нь өчигдөр амжихгүй бол хонож дугаарладаг юм бил үү ч гэж ярьж байсан. Ер нь цаашид УОК, Засгийн газар, ЭМЯ-ныхан ажлаа олигтойхон хийж чадахгүй ард иргэдээ ингэж хөлдөө чирээд байвал харамсалтай. Ер нь тэгээд энэ их хариуцлагатай хүнд хэцүү цагт мэддэг, чаддаг хүмүүст нь хүлээлгээд өгчих хэрэгтэй юм.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН П.БАТЗАЯА