“Зургаан сарын дараа" шинэ циркээ хүлээн авна гэж Монголчууд хоног тоолон хүлээж байна
Бид мартамхай ард түмэн. Нэг үйл явдлын шуугианаар нөгөөг нь мартчихдаг гэмтэй. Энэ зан чанар нь эрх мэдэлтнүүдийн дураараа аашлах нэгэн том өгөөш нь болдог. Тиймээс олны анхаарлыг татах, мөн чанартаа иргэний амьдралд төдийлөн үр ашигггүй мэдээ, нэвтрүүлэг, хэн нэгний ярилцлагыг цацаж нийтийн анхаарлыг нэг дор төвлөрүүлнэ. Тэдний хаясан өгөөш дээр ард иргэд бужигналдаж байхад өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн хуулийн төслийг батлах, хэн нэгний шүүх хурлыг дуусгах эсвэл ямар нэгэн өндөр албан тушаалд өөрсдийн хүнээ томилчихно. Үүнийг иргэд анзаарахгүй, мэдэхгүй өнгөрнө. Энэ нь тэдэнд ашигтай. Яг ийм зарчмаар Монгол Улс олон жилийг өнгөрөөлөө. Дотоодод халдвар тархсан, хөл хорио тогтоосон, иргэдийн амьдрал доройтсон гэсэн мэдээллүүдийн сүүдэрт нийгэмд өрнөж байсан хэд хэдэн томоохон чухал үйл явдал дарагдсаны нэг нь циркийн байрны асуудал байв.
Одоогийн Монголын үндэсний цирк,бидний мэдэхээр “АСА” цирк 2013 онд хувьчлагдсанаас хойш эх орноо дэлхийд сурталчилдаг соёл урлагийн тэргүүлэгч салбар болох циркийн урлагийн ирээдүй бүрхэг болж эхэлсэн талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хөндсөн. Циркийн байр хувийн мэдэлд шилжихийн сацуу хойч үеийн залгамж халаа болсон сурагчид бэлтгэл хийх зориулалтын байргүй болсон. Энэ асуудлаа 30 жилийн дараа дахин шинээр байгуулагдсан Соёлын яамандаа уламжилсан ч “Үндэсний өв соёл болсон, улсын тусгай хамгаалалтад байдаг Дашчойлин хийдийн байрыг шинэчлэн засах ямар ч боломжгүй. Сургууль бол боловсролын байгууллага учир БШУЯ-нд энэ шаардлагыг хүргүүлсэн” гэсэн хариугаар амыг нь таглаж, циркчдийн урмыг хугалсан юм. Урлагаа хөл дээр нь босгочих юмсан гэсэн циркийн уран бүтээлчид БШУЯ-нд хандсан ч цар тахалтай холбогдуулан өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгсөнгүй.
Харин Монголын үндэсний цирк орчин үеийн шаардлагад нийцсэн уран бүтээлчид, сурагчид бэлтгэлээ хийх тусгай танхимтай шинэ циркийг ирэх оны зургадугаар сард хүлээлгэн өгнө гэсэн албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тухайлбал, зургаан сарын дараа монголчууд орчин үеийн шинэлэг шийдэл бүхий циркэд уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, нүд болон оюун санаагаа баясгах боломж бүрдэнэ гэв. Монголын үндэсний цирк мэдэгдэлдээ “Манай байгууллага нь энэ оны долдугаар сараас эхлэн циркийн барилгын дотор хэсгийг бүхэлд нь шинэчлэн засах ажлыг шат дараатайгаар, мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөө, дүгнэлтийн дагуу хийж эхлээд явж байгаа билээ. Циркийн барилга нь 1971 онд баригдсан барилга бөгөөд сантехник, агааржуулалт, халаалт, цахилгаан холбоо хэрэгсэл гэх мэт барилгын салшгүй эд хэсгүүдийг бага багаар засварлаж ирсэн боловч дахин цоо шинээр шинэчлэхээс аргагүйд хүрсэн юм. Мөн тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, үзэгчдийн суудал зэргийг ч бас орчин үеийн техник хэрэгслээр иж бүрэн шинэчлэх ажил эхлүүлээд явж байна.
Циркийн барилга нь жүжигчдийн бүх төрлийн бэлтгэл сургуулилт хийх байрыг тоглолтын байрнаас тусад нь шийдэж өгч байгаагаараа онцлогтой болж байна. Тиймээс уран бүтээлчид, сурагчид маань стандартад нийцсэн зориулалтын танхимд бэлтгэл сургуулилтаа хийх бүрэн боломжтой болох юм.
Үүнээс гадна соёл урлаг, энтертайнмент арга хэмжээг зохион байгуулж болохуйц архитехторын шийдэл бүхий орчин үеийн стандартад нийцсэн техник тоног төхөөрөмж, орчин үеийн тайз, заал танхим бий болж буй бөгөөд шинэ залуу уран бүтээлчид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаа дэмжин хамтран ажиллах болно. Манай байгууллага нь удирдлага, хүний нөөц, менежментдээ өөрчлөлт оруулан ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд элдэв худал мэдээлэлд автан хувь хүний нэр хүндэд халдахгүй байхыг та бүхнээсээ хүсэж байна. Бид бүхэн циркийн урлагийг цаашид улам хөгжүүлэхэд хичээнгүйлэн анхаарч ажиллах бөгөөд 2021 оны зургадугаар сард засварлан шинэчлэгдсэн байрандаа нээлтээ хийн циркийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулан үзэгчид уран бүтээлчид та бүхнийгээ хүлээн авах болно. Мөн Соёлын яамтай хамтран ажиллах зөвшилцөлд хүрэх болно” гэж бичжээ.
Анх томилогдохдоо циркийн асуудалд онцгой анхаарал хандуулна гэсэн Соёлын сайд С.Чулуун гэнэт чив чимээгүй болсон талаар ч бид бичиж байв. Гэвч дээрх мэдэгдлээс харвал Монголын үндэсний цирктэй зөвшилцөлд хүрэхээр тохиролцсон байх нь. Циркийг хувьчилж авсан энэ байгууллага ийм гэгээн сайхан зүйл ярьж байгаа боловч бодит хөрсөн дээр хэрэгжих ямар ч боломжгүй, өөр зориулалтаар ашиглагдана гэсэн байр суурийг циркчид илэрхийлээд байгаа юм. Циркийн уран бүтээлчид юу ярьж байсныг эргэн сөхье.
Ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу “Өнгөрсөн дөрвөөс тавдугаар сард өрөөндөө байгаа аппарат хэрэгслүүдээ сулла, циркийг буулгаж, засварлаж байна гэсэн. Биднийг очиход бэлтгэлийн хэрэгслийг тараагаад хаячихсан байсан. Сургалтын зарим хэрэгслээ олж авч чадаагүй.Хоёр манеж хоорондын бүхий л зүйлийг буулган юу хийж байгаа нь тодорхойгүй байсан. Монголын циркт байх ёстой таван чиглэлийн мэргэжлийн хүн байхгүй болсон. Циркчид нь бэлтгэлийн заалгүй байхад циркт бар, ресторан үйл ажиллагаа явуулж байгааг юу гэж ойлгох вэ. Д.Дагвадорж Монголын циркийг шоу бизнесийн төв болгохын тулд өөрийн болгосон.Хөгжим бүжгийн коллежийг төгссөн хэдэн үзүүлбэрээр Монголын цирк хөгжиж байна гэж ярьж байгаа болохоос цирк хэдийнэ гудамжинд гарсан” гэж ярьж байв. Харин Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны гишүүн Т.Буд “Циркийн доторх бүх зүйл алга болсон. Манежийг нь хуулж, сандлуудыг нь гаргачихсан. Циркийн уран бүтээлчид цөөрсөөр байгаа. Сүүлдээ байргүй болж дуусч байх шиг байна” гэсэн юм.Харин циркийг хувьчилж авсан гэх Асашёорюү Д.Дагвадорж “Цирк бүрэн засвар хийж байгаа” гэдгийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлж байв. Аварга хэлсэндээ хүрэх эсэхийг бид зургаахан сарын дараа харах нь.
Гэвч хувьчилснаас хойш циркийн урлагийн олон үзүүлбэр тоглогдохоо больж, амьтад нь ч байхгүй болсон билээ. Энэ талаар Циркийн сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Раднаабазарын охин Р.Нарантуяа “Циркэд засвар хийж байгаа гэсэн боловч зориулалтаар нь засаж байгаа юу, өөр үйл ажиллагаа явуулахаар тохижуулж байгаа эсэхийг бид мэдэхгүй. Урд хэсэгт худалдааны газрууд орчихсон байсан.Худалдааг уг нь хаана ч хийж болдог зүйл. Эндээс харахад циркийн барилга барьж байгаа гэж хэлэхэд хэцүү.Циркийг хувьчилснаас амьтад байхгүй болсон. Мөн агаарын гимнастикийн үзүүлбэр сүүлийн 15 жил тоглогдсонгүй” гэж ярьсан юм. Анх 1971 онд байгуулагдаад хувьчлагдах хүртэлх үе буюу 2008 оныг хүртэл Улсын цирк найруулагч, туслах найруулагч, зураач, оёдолчин, цахилгаанчин, бүжиг дэглээч гэсэн мэргэжлийн хүмүүс, 50 гаруй уран бүтээлч, гэрээгээр ажилладаг 80 гаруй уран бүтээлч, 50 толгой ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг нүсэр том бүрэлдэхүүнтэй байлаа. Мөн долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, жилдээ 890 мянган үйлчлүүлдэг байсан. Шинэ циркээ хүлээн авсан ч хуучин шиг ийм бүрэлдэхүүнтэй ажиллах нөхцөлгүй. Энэ бүхэн зөвхөн түүх болж үлдэх нь.
Үүнээс гадна 2015 онд гурвалсан гэрээ байгуулан улсаас 15 сая төгрөгийн түрээс төлөн “АСА” циркэд бэлтгэл хийхээр тохиролцож байсан. Гэвч циркчид ердөө 2-3 сард, зориулалтын бус байранд, цөөн цагаар сургуулилтаа хийсэн. Учир нь ямар нэгэн тоглолт, концерттой гэсэн шалтгаанаар тайзаа засч, циркчдийг бэлтгэл хийлгэдэггүй байв.
Уран бүтээлчид гэрээний дагуу цагаа авъя гэхээр “Тэгвэл гэрээгээ цуцал” гэж сүрдүүлнэ. Өөр зориулалтын байргүй учраас ийм нөхцөлд зохицон хичээллэж байсан нь эмгэнэлтэй. Шинэ циркээ хүлээн авсан ч энэ түүх давтагдахыг үгүйсгэх аргагүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ