alim.mn | 2024.12.26
Сүйт бүсгүй нь Covid-19 халдвар авсан ч энэтхэг залуус хамгаалалтын хувцастай гэрлэжээ

Өнгөрсөн Ням гарагт Энэтхэг улсын баруун бүсийн Ражастан мужид нэгэн өвөрмөц гэрлэх ёслол болж өнгөрчээ.

Тус мужийн Баран хотын тусгаарлах байрны гадна битүү хамгаалалтын хувцастай хос залуусын гэрлэх ёслол болсон байна. Гэр бүлийнх нь нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул сүйт бүсгүйг энд тусгаарлаад байжээ. Гэрлэх ёслолоос хэдхэн цагийн өмнө сүйт бүсгүйн шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна.

Гэвч энэ бэрхшээл залуусын гэрлэх ёслолд саад болоогүй гэнэ.

“Бид гэр бүлийнхэнтэй нь ярилцаж тохирсны дагуу гэрлэх ёслолыг тусгаарлах байрны гадна цомхон зохион байгуулахаар шийдсэн юм” гэж Баран хотын эрүүлийг хамгаалах газрын албаны хүн Ражендра Мена хэвлэлд ярьжээ.

Ёслолын дараа хос залуусыг хоёуланг нь тусгаарлах байранд оруулсан байна.

Энэтхэгт гэрлэх ёслолын арга хэмжээг нүсэр зохион байгуулдаг уламжлалтай. Гэхдээ цар тахлын улмаас тус улсын хэд хэдэн мужид хурим найрыг цомхон зохион байгуулах журам хэрэгжиж байгаа юм.

Энэтхэг улс нь халдварын 9.6 сая тохиолдолтойгоор дэлхийд зөвхөн АНУ-ын дараа хоёрдугаарт жагсаж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ