alim.mn | 2024.12.22
Цагдаа нарын өдрийн хоол шүүмжлэл дагуулж байна

Монгол улс дотооддоо коронавирусний халдвар алдаж,  өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрсдлийг үл хайхран цаг наргүй ажилласан хүмүүсийн нэг бол яах аргагүй цагдаа нар. Нийгмийн хэв журмыг сахиулах үүрэгтэй эдгээр алба хаагчид хөхөө өвлийн хүйтэнд туйлдатлаа ажилласан гэхэд хилсдэхгүй.

Хэдийгээр төр засгийн зүгээс цагдаагийн байгууллагын ажилтнуудад нэмэлт урамшуулал олгож байгаа ч ачир дээрээ амьдралд нь тус нэмэр бага, өдрийн ажиллах нөхцөл нь хүнд байгааг ар гэрийнхэн нь дуулгасаар байна.

Учир нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хоолны газруудын үйл ажиллагаа зогссон. Өөрөөр хэлбэл, гадаа гудамжинд үүрэг гүйцэтгэж буй цагдаа нарын өдрийн хоолны асуудал хүнд болсон. Тэдэнд хэдийгээр өдрийн ганц хоолны норм байдаг ч өнөөх нь хоолой давахааргүй, зарим нь бүр идэхийн аргагүй түүхий ирдэг талаар цахимд шуугисаар байна.

Салбарын яам нь цагдаа, хууль хүчнийхээ байгууллагын ажилчин алба хаагчидаа ихээхэн анхаарч байгаа талаар бараг л өдөр болгон ярьдаг. Гэтэл тэдний “халамж” бодит байдал дээр ийм л “халтуур” болж байгааг тэд мэдсэн болов уу.

Муухайгаар хэлэхэд, нохой ч тоож идэхээргүй энэ хоолонд хэн, хэдэн төгрөг төсөвлөж, түүнээс хэн хэдийг нь цавчсаныг нэг эргэж харахгүй бол алба хаагчид чинь өдөр болгон бэлэн гоймонгоор гол зогоосоор ходоодгүй болох нь байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ