alim.mn | 2024.12.22
Хуурамч жаргал хөөцөлдсөнөөс, зовлон гунигтайгаа танилцсан нь дээр

XI зууны үед Төвд орноо заларч, шашны шинэчлэл хийсэн Энэтхэгийн их хутагт Адиша хоёр нандин бэлэг үлдээжээ. Эхнийх нь нийтэд зориулж айлдсан Бодь мөрийн зул хэмээх шастир. Түүний утгын тайлал болгож хожим Богд Зонхов Бодь мөрийн зэрэг-ээ туурвисан юм. Нөгөөх нь зүрхний хайрт шавьдаа өгсөн Сэтгэл ариусгах долоон утга (Төвдөөр: Ложон Дондүнма).

“Чамаас өөр энэ номд сав болох шавь Цастын оронд алга даа” гэж Бромдон гэгээнд соёрхсон тухай түүх сурвалжид тэмдэглэжээ. Бромдон гэгээн хэдийгээр лам хувраг биш боловч Адиша богдын амин зүрхний увдисыг хүлээн авч, бодь сэтгэлийн дээдэд хүрсэн хувь ерөөлтөн юм. Багш, шавийн нандин холбоо, аман уламжлалаар өвлөгдөн явсан Ложон Дондүнма-г зуугаад жилийн дараа Чадхава гэгээн анх удаа бичигт буулгажээ. Гэсэн ч ёгт утга, товч оньсондоо нууцлаг гоо сайхнаа хадгалсаар ирсэн энэ ном Ошо багшийн тайлбараар хүн төрөлхтөний зүрх сэтгэлд шижир туяа цацруулан заларч байна.

Шашныг дотоод шинжлэх ухаан гэж үзвэл Адиша богд энэ номоороо дотоод шинжлэх ухаанд олон аугаа нээлтийг тунхаглажээ. Шинжлэх ухааны нээлтийн үр дүн хэдхэн тоо томъёо байдаг шиг энэ шастир ч цөөхөн мөр бадаг байна. Гэвч үнэнийг таньсан бодит туршлагын үр дүн болохоороо үнэлж баршгүй ач холбогдолтой.

Үзэгдэл бүхнийг зүүд хэмээн сэхээрч, үйл хийгээд бодлын манангаас ангижран цэлмэг огторгуй мэт тунгалаг хоосон чанартаа уусах эрх чөлөөний түлхүүр ч энд бий. Азгүй тохиолыг хүртэл аз завшаанд хувиргаж, амьсгал бүрээ гэгээн буян, алхам тутмаа цагаан мөр болгох нигүүлсэл хайрын увдис ч энд бий.

“Эрх чөлөөгүй хайр аагим халуун ган гачиг. Хайргүй эрх чөлөө хахир хүйтэн зуд. Хайрыг гандаахгүйн тулд эрх чөлөө хурын шим болно. Эрх чөлөөг хөлдөөхгүйн тулд хайр ээл дулаан болно” гэж Ошо хэлжээ. Хайр, эрх чөлөө хоёрыг хамтад нь эдлэх хосгүй эрхэм зол заяанд энэ ном хөтөч болох юм. Амьдралын хүлээснээс ангижрах атлаа амьдралд тааваараа умбан цэнгэх нууцыг энд өгүүлжээ.

Эрт цагийн буддагийн номтой энэ цагийн буддагийн тайллаар учирсан хувь заяандаа сүслэн баясмуу. Ошо багшийн хэлсэнчлэн бид үнэний эрэлд гарсан өнө эртний бадарчид биз ээ. Энэ номтой учирсан буян нь ухаарсан буян болон арвижиж, ухаарсан буян нь гэгээрсэн буян болон түгэх болтугай!

Хуурамч жаргалын төлөө Зовлон бүү эрэлхийл.

Өөрийгөө хичнээн их лай ланчгаар дарамтлана вэ? Юуны төлөө? Илүү том байшин, илүү их мөнгө, илүү цуу алдар, илүү эрх мэдлийн төлөө. Энэ бүхэн чинь хоосон зүүд шүү дээ. Үхэл чамаас бүгдийг нь булааж авна. Үхэлд булаагдаж байгаа бүхэн хуурамч. Үхэлд үл булаагдах тэр зүйл л үнэн. Хэрэв чи бүх амьдралаа зуурдын юмст зориулах аваас холын зэрэглээг голын усанд андуурч хөөсөөр цангаж үхдэг гөрөөснөөс өөрцгүй. Үүнийг ямар амьдрал гэх вэ? Чиний мод нахиалсангүй, жимсэлж цэцэглэсэнгүй. Тэгээд “би амьдрал үзлээ” гэж хэлж чадах уу?

Сая сая хүмүүс үрээрээ төрөөд, үрээрээ үхдэг. Өлгийнөөс авс хүртлээ ургаж нахиалсан юм юу ч үгүй. Үйл зовлонгоо зузаалснаас өөр гавъяагүй. Энэ бол эмгэнэл. Асар том эмгэнэл. Тамын тухай бошго лүндэн чухамдаа ийм утгагүй амьдралын гаслан зовлонг дүрсжүүлж өгүүлдэг юм. Адиша хэлж байна:

Хуурамч жаргалын төлөө Зовлон бүү эрэлхийл.

Тэгээд яах вэ? Үнэнийг сэхээр. Үхэл мөхлийн хязгаараас давсан, цаг хугацааны чанадад оршигч тэр зүйлийг сэрж мэдэр. Үнэмлэхүйг эгээрэх аваас амьдралын чинь агшин хором бүр амгалан гэгээлэг, анхилуун тансаг байх болно. Түүнийг бурхан, нирваан юу ч гэж нэрлэсэн чиний дур. Гүн рүү нь умбах тусмаа хуурамч юмсаас салж, жинхэнэ амтыг мэдэрнэ. Цоо шинэлэг баяр жаргал гаднаас биш, өр зүрхнээс чинь ундрах болно.

Хуурамч юмс л гаднаас орж ирдэг. Гаднаас орж ирсэн бүхэн үхэл мөхлөөс үл хэлтэрнэ. Үхэл гадны юмсыг л хөндөхөөс дотоод мөн чанарыг хөндөхгүй. Чиний дотоод мөн чанар бол урьд ч байсан, хожим ч байх үүрд мөнхийн амь. Гагцхүү чи таньж мэддэггүй болоод үүрдийн золыг умартан, зуурдын жаргалыг хөөцөлддөг. Үнэн хэзээ нэгтээ өөрийг нь таньж, амраг хайраа өгөхийг хүлээн чиний дотор суугаа. Үхэшгүй түүний зүг тэмүүлсэн цагт л энхжингийн хаалга өмнөөс тосно.

Яах гэж хуурамч жаргал, худал ертөнцийн хойноос амь тавин гүйнэ вэ? Энэ ч бүсгүй, тэр ч залуу гээд л… үнэнийг мартаж байвал юу ч хөөсөн хамаагүй. Өнгөнд мансуурч, мөнгөнд донтож, шалиг балигт живж, эрх мэдэлд улайрна. Улс төрчид бол хамгийн аймшигтай хордсон хүмүүс. Тэдэнд яаралтай эмчилгээ хэрэгтэй. Мораржи Десай шиг хүнд эмчилгээ юу юунаас чухал. Тэр бүр цагаан солиотон болжээ. Улс төрийн цагаан солио архины цагаан солионоос хавьгүй илүү аюултай. Арчиж болдогсон бол энэ дэлхийгээс архи дарсыг биш, улс төрийг л арчмаар байна.

Энэтхэгт хичнээн хүн архи уудаг вэ? Долоон хувиас хэтрэхгүй. Тэгвэл хичнээн хүн улс төрийн хорхойтон бэ? Улс төрийн хорхойгүй нэг хүнийг ч олоход бэрх болжээ. Чи өөрийгөө улс төрч биш гэж бодож байж магадгүй. Энэ чинь маш нарийн үзэгдэл. Эхнэрээ атгандаа байлгах гэж чармайдаг эрчүүл цөм улс төрчид. Эр нөхрөө аргалж чаргалдаг хүүхнүүд цөм улс төрчид. Эрх мэдэлгүйдээ бухимдаж, өдөр шөнөгүй тоглож байдаг нийгмийг мөрөөсч яваа хүүхэд бүхэн улс төрчид. Ертөнцийг өөрийн дур сонирхолд нийцүүлэх гэсэн оролдлого бүхэн улс төр. Бусдаас давуу эрх мэдэлтэй байх гэсэн санаархал бүхэн улс төр. Энэ бол хамгийн хортой алкоголь.

Цөөхөн хүн эрх мэдэлд живдэг. Цөөхөн хүн архи дарсанд живдэг. Харин олонх нь энэ ч жаргал юм уу, тэр ч жаргал юм уу гэж нэгээс нөгөө рүү үсчиж, ийшээ ч, тийшээ ч савчиж явсаар насыг бардаг. Шилсэн бүхнээ эргээд голж, авсан бүхнээ буцааж хаядаг. Энэ эрэл дунд ямар их зовлон лай дотроо хурааж яваагаа ажиглах зав, анзаарах сөхөөгүй.

Хуурамч жаргал хөөцөлдсөнөөс, зовлон гунигтайгаа танилцах нь хавьгүй дээр. Энэ бол судрын удаах утга санаа. Зовлонгоос зугтах хэрэггүй. Зугтаад байх юм бол чи юу ч сурахгүй, юу ч ойлгохгүй. Ойлгоогүй цагт зовлонгоос ангижрах зам хаалттай. Учир нь үл мэдэхүйн мунхралаас өөр юу ч зовлонгийн шалтгаан биш. “Үнэн л чамайг чөлөөлнө” гэж Есүс хэлсэн. Энэ бол эрэлчин бүрийн ойлгох ёстой гэрээс. Үнэн л чөлөөлдөг. Гэхдээ энэ үнэн гаднаас зээлж, бусдаас хуулсан үнэн биш. Өөрийн туршлагаар олж авсан үнэн.

Чи уйтгарлаж байна уу? Тэгвэл уйтгар гуниг руугаа улам гүн ор. Мартах арга, бултах сиймхий бүү хай. Найз нөхөд, кино ший, энэ тэр юмсаар өөрийгөө бүү сатааруул. Зугтахын оронд уйтгар лугаа нүүр тулан учир. Нүдээ анин суугаад, түүнийг ажигла. Адалж буруушаалгүй зүгээр ажигла. Буруушаах юм бол чи уйтгар гунигаа бүрэн дүүрэн таньж чадахгүй. Хэрвээ тэр үүл байсан бол, цэцэг байсан бол чи яаж харах вэ? Түүн шигээ л хар. Харах тусам чи гүн рүү нь орно. Гүн рүү нь орох тусам уйтгар гуниг замхрах болно. Үнэхээр гайхалтай.

Зовлонгоос халширч зугтах үед нэг л аймаар хүнд баргар юм санагддаг. Гэтэл нүүр тулаад уулзмагц ууршин замхардаг. Зовлонгийн ууршил өөрөө баяр жаргал. Баяр жаргалыг гаднаас оруулж ирээд, хөгийн муу зовлонг хөөж гаргана гэж чи боддог. Тийм биш ээ. Баяр жаргал уйтгар зовлонгийн цаана нуугдаж байдаг. Чи зовлон руугаа гүн умбаж чадах юм бол жаргалын булгийг нээх болно.

Удаахь судар: Хутагт сайн үйлсийг Нэгэн оньсонд хураа.

Олон зорилго хэрэггүй, нэг л зорилго хангалттай гэж Адиша хэлж байна. Бүх гай зовлон, нүгэл хилэнцээс ангижрахын тулд нэг л юм руу ор. Тэр бол Үнэн. Өөрийнхөө дотор луу өнгий. Уур бухимдал, шунал тачаалаа ажигла. Тэр бүхний цаана жаргалын булаг бий. Аажим аажмаар чиний оршихуй бүхэлдээ баяр наадам болж хувирна. Юу ч гаднаас нэмээгүй, зүгээр л өөрөө өөрийгөө таньсан хэрэг. Өөрийгөө таньсан хүн дэлхийн тамаас зугтаж, тэнгэрийн диваажин хайхгүй. Бурханы хаант улст үүрд тухалмуу.

Гуравдахь судар: Эндэл осол бүхнийг Ганц аргаар залруул.

Ганц зорилго нь Үнэн юм бол түүнд хүрэх ганц арга нь бясалгал юм. Адиша үүнийг ухамсарлахуй гэдэг. Будда түүнийг үлэмж үзэхүй гэдэг. Өөр өөрөөр нэрлэсэн ч мөн чанар нь ижил. Сэргэг сэхээлэг байхын утга болой.

Адиша үнэхээр нягт нямбай хүн аж. Тэрээр алхам алхмаар нүүж байна. Эхлээд хуурамч жаргалын хойноос бүү хөөцөлд, энэ бол төөрөгдөл гэж хэлсэн. Зовлон гунигаас зугтах хэрэггүй, түүнийг таньж мэд. Өөрийнхөө дотоод гүн рүү ор. Өөрөөсөө үнэнийг ол гэж хэлсэн. Тэрээр хаа нэгтээ тэнгэрт байдаг юм уу, ямар нэг философийн үнэнийг яриагүй. Түүний ярьж буй үнэн нь чи өөрөө л юм. Өөр бусдыг биш, өөрийгөө л ойлгох. Энэ чиний цорын ганц зорилго байг. Зорилгыг чинь сэнхрүүлсний дараа Адиша зорилгодоо хүрэх арга замыг чинь зааж өгч байна.

Түүний яриа нэг ч үгийн илүү, дутуугүй хөвөрнөм. Судар гэмээ нь энэ л билээ. Эртний энэ үг “товч хураангуй” гэсэн утга илэрхийлдэг. Адишаг судраа айлдаж байсан тэр цагт үг маш үнэ цэнэтэй байжээ. Одооных шиг хэрэгтэй хэрэггүй хэвлэл номд дэлхий ертөнц живээгүй байсан. Хүний чихэнд наалдацтай, зүрхэнд шингэцтэй байхын тулд эртний мэргэд үгийн цомхон, утгын гүнийг эрхэмлэдэг байж. Өнөө бидний шүүн тунгааж буй “Долоон утга” түүний сонгодог жишээ буюу.

Эндэл осол бүхнийг Ганц аргаар залруул.

Энэ арга нь ухамсарлахуй. Өвчин шаналгаа олон янз ч эрүүл энх нэгэн билээ. Би эрүүл, чи эрүүл бол бид хоёрын эрүүл энхийн мэдрэмж ав адилхан байна. Харин өвчин эмгэгийг тоолж барахгүй, алдаа эндлийг тоочиж дуусахгүй. Гэвч тэр бүх хаалгыг нэг түлхүүрээр нээж болно. Навч бүрийг зулгааж, мөчир бүрийг тайрч суухын оронд ганц үндсийг тасалж болохгүй гэж үү? Навч, мөчиртэй зууралдаж суудаг хүн олон бий. Тэд бол ёс зүйг баримтлагчид. Ёс зүйч хүн жаахан мулгуу амьтан. Яагаад гэвэл навчийг нь тасалбал мод устана гэж боддог хүн. Ийм аргаар хэзээ ч модыг усгахгүй. Нэг навч таслахад гурван навч шинээр ургах орон зай суларна. Нэг мөчир тайрахад гурван мөчир шинээр ургах шим шүүс боловсорно. Мод өөрийгөө хамгаалж улам өтгөн саглагар болдог.

Хэн нэгэн сексийг нухчин дарах аваас мөчир тайрч байгаа хэрэг. Тэр цагт бүх энерги нь уур бухимдал болж хувирна. Энэтхэг сурвалжид байдаг Дурваса аршийн тухай домгийг чи сонссон уу? Хурьцахуйн тачаалыг хүчлэн дарснаасаа болж тэр асар догшин түрэмгий болсон гэдэг. Аргагүй шүү дээ. Энергийг устгаж чадах хэн байх вэ. Энэ чинь байгалийн хууль. Энерги хувирахаас биш, устана гэж үгүй. Хэрэв чи нэг нүхээ бөглөвөл энерги өөр нүхээр нэвчинэ. Урд хаалгаа хаахад чинь арын хаалгаар орж ирнэ. Арын хаалгаар орж ирвэл илүү аюултай. Амьдрал чинь хоёрдмол байдалд орно. Аман дээрээ нэгийг яриад, ачир дээрээ нөгөөг хийдэг болно. Наанаа нэг юм үзүүлчээд, цаанаа өөр юм нуудаг болно. Бөөн хагарал зөрчил.

Миний зарчим Адишагийнхтай ижил. Та нар над дээр мянга нэгэн асуудалтай ирдэг. Би нэг л хариулт өгдөг. Уур унтуутай бол ухамсарла гэдэг. Шунал тачаалтай бол ухамсарла гэдэг. Атаа жөтөөтэй бол ухамсарла гэдэг. Ухамсарлах нь үндсийг таслах арга. Үндэс нь юу вэ? Ухамсаргүй мунхаг байдал. Ухамсаргүй үедээ л хүн уурладаг. Уур, ухамсар хоёр нэг дор байж чадахгүй. Ухамсарлах аваас уур алга болно. Уурлах аваас ухамсар алга болно. Туршаад үз. Хоёулаа зэрэгцээд байгаа юм шиг сэтгэгдэл төрж магадгүй. Гэвч анхааралтай ажихад тийм биш байна. Ухамсар төрөө л бол уур арилсан байна. Ухамсаргүй нь өвчин бүхний үндэс. Ухамсар нь бүх өвчнийг анагаах эм.

Будда өөрийгөө оточ гэж хэлдэг байсан. Нэг хүн түүнээс, “Та өөрийгөө оточ гэх юм. Тэгээд эм тан чинь хаана байгаа юм бэ?” гэж асуухад, “Миний эм тан бол ухамсар. Би ухамсрын жорыг л бусдад өгдөг” гэж хариулжээ. Тийм ээ, энэ эмийг гаднаас хүртэх боломжгүй, дотроосоо л бүтээнэ. Чи дотоод химиэ өөрчлөх ёстой. Одоо бол дотоод хими чинь ухамсаргүйг л үйлдвэрлэж байна. Үүнийг өөрчилж болно. Яаж өөрчлөх аргыг энэ судраас мэдтүгэй.

Нэг зүйлийг сануулъя. Бүх бурууг залруулахад ганц арга хангалттай гэсэн. Энэ бол ухамсар. Тэгвэл ухамсарлаг болсноо яаж мэдэх вэ? Гаднаас нь харах аргагүй гүн чанадын юм шүү дээ. Гэвч түүнийг цацран гаргах туяагаар нь мэдэж болно. Билгийн нүд бага зэрэг нээгдсэн хэн ч болов энэ туяаг олж хардаг. Ухамсрын туяа нь энэрэл хайр ажгуу. “Зүрхэн тольтод билгүүний зул асваас бүхэл оршихуй чинь энэрэл нигүүлслээр туяарна” гэж Будда хэлдэг.

Нигүүлсэл бол нотолгоо. Нигүүлсэл ундрахгүй бол чиний ухамсар хуурамч гэсэн үг. Чи ухамсраас арай өөр юм хэрэгжүүлж. Магадгүй төвлөрөлд суралцсан байх. Төвлөрөл ухамсар биш. Төвлөрөлд уягдсан хүн нигүүлсэнгүй болохгүй. Энэрэл хайр төвлөрлөөс төрдөггүй юм. Төвлөрөл гэдэг нь сэтгэлээ нэг цэг дээр хураахын нэр. Төвлөрсөн сэтгэл нарийсч, асар хүчтэй болдог. Энэ хирээрээ ердийнхөөс илүү аюултай.

Төвлөрөл бол шинжлэх ухааны арга барил. Ухамсарт ямар нэг чиглүүр байхгүй. Үүгээрээ төвлөрлөөс эрс ялгаатай. Жишээ нь, яг одоо чи намайг сонсч байна. Ингэхдээ төвлөрлийн аргаар сонсч байж болно. Бүх анхаарлаа надад чиглүүлж, гадаах орчны дуу чимээ, шувуудын жиргээг мартсан байх вий. Тийм бол чиний сэтгэл маш явцуу болсон байна. Ухамсар бол сэтгэлийн нарийссан хэлбэр биш, харин сэтгэлээс ангижирсан төлөв гэдгийг санаарай.

Хамаг учир явцуу сэтгэлд л бий. Хайр бол сэтгэлийн бүтээл биш, сэтгэл-үгүйн бүтээл. Сэтгэл-үгүй нь бидний зүрхэн тольт, дотоод чанад билээ. Намайг сонсохдоо ч явцуу сэтгэлд бүү авт. Нойрмоглох хэрэггүй, сэргэг байгтун. Чиний сэргэг зүрх ганц миний үгийг биш, шувуудын жиргээ, навчсын сэрчигнээ бүгдийг нь сэрж мэдрэг.

Төвлөрөл нэгийг сонгож, бусдыг гадуурхдаг. Харин ухамсар юуг ч гадуурхахгүй, бүхнийг өөртөө багтаадаг. Сэтгэл ямар нэг зүйлд уягдаж, аль нэг тийшээ чиглэдэг. Ухамсар юунд ч уягдахгүй, хаашаа ч чиглэхгүй. Сэтгэл үргэлж давалгаалж шуугиж байдаг. Ухамсар өнөд амгалан тайван агаад тунгалаг толин мандалдаа буй бүхнийг тольдоно. Чи өөрийгөө байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг мэдрэх нам гүмийн дунд энэрэл хайр цэцэглэнэ. Энэ бол зохиомол урлал биш, өөрөө тодордог гоо үзэсгэлэн. “Ухамсар чиний дотоод мөн чанар. Энэрэл хайр нь түүний гадаад биелэл агаад орчлон ертөнцтэй хуваалцах баяр баясгалан буюу” гэж Адиша хэлжээ.

Дөрөвдэх судар: Эхлэл, төгсгөл хоёрт Хоёр үйлийг үйлд.

Эхлэл гэдэг нь өглөө, төгсгөл гэдэг нь үдэш юм. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Оршихуй үнэхээр өгөөмөр ажээ. Хичнээн олон өдрийг чи дэмий балай өнгөрүүлэв? Гэлээ ч чамаас нүүр буруулсангүй, дахин шинэ өдрийг бэлэглэж байна. Ямар их аз завшаан, амин шимийг үрэн таран хийв? Гэвч оршихуй чамд итгэсээр шинэ боломжоо хайрлаж байна.

“Өнөөдөр би энэ боломжийг алдахгүй. Үнэхээр хангалттай. Өдрийн турш би сэргэлэн цовоо байна. Үйлдэл бүрээ сэхээрч, алхам бүрээ бясалгах болно. Өдөр тутмын ажил амьдрал минь өөрчлөгдөхгүй ч цоо шинэ агуулгаар баяжина. Би түүнийг ухамсраар цэнэглэх болно” гэж өр зүрхний угаас шийдэгтүн. Шинэ өдөр тавтай морил. Өнөөдөр ч гэсэн гэгээрэх зол, хувирах боломж байна. Оршихуй надад үнэхээр найдаж байна. Ийнхүү гүн талархал, уужим санаа зоригоор шинэ өдрийг эхлээрэй.

Орой унтахын өмнө бас л таларх. Энэ өдөр учирсан бүх юманд таларх. Сайн, муу, азтай, азгүй аль алинд нь баярлалаа гэж хэл. Учир нь тэр бүхнээс чи суралцаж, амьдралыг таньсан. Зөв талаас нь ойлгож чадвал тохиол бүхэн аз завшаан, хором бүр гэгээрэл тийш урсах урсгал билээ. Золгүй учралаас ч гэсэн үр шимийг хүрт. Үнэндээ амжилт бүтээлээс илүү золгүй учрал чамд сэргэг чанарыг соёрхдог. Жаргал гэмээ нь согтоож ирэхийн цагт Бурханыг хүн мартдаг. Зовлон гэмээ нь цочоож ирэхийн цагт Бурханыг сая санадаг бус уу? Жинхэнэ хувьтай хүн гэж жаргаж байхдаа ч сэрэмж алддаггүй, зовлон дунд ч сэхээ алддаггүй хүнийг хэлнэ.

 Орой бүр унтахын өмнө өдрийн явдлаа цэгнэ. Ялангуяа ухамсар сэхээ, нигүүлсэх чадвараа алдсан тохиол бүрийг сана. Чингэхдээ гэмшиж харуусах хэрэггүй. Адиша чамайг гэмшиж наманчил гээгүй, зүгээр л эргэж сана гэсэн. Библид Есүс ахин дахин “Гэмшигтүн” гэж хэлдэг. Энэ бол буруу орчуулга. Арамей хэлэнд уг үг нь “эргэж харах” гэсэн утга илэрхийлдэг. Өөр илүү, дутуу санаа байхгүй.

Нэг өдөр өнгөрлөө. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Ухамсраа алдсан тохиол бүрээ тунгаа. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ сэхээр. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй.

Адиша Богдын сургаал Ошо багшийн тайлбар

Агнистын Гэгээ цувралаас


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ