УИХ-ын гишүүн Э.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Миний хүү орлогоо нотолчихсон. Тэр цүнхийг манай хүү авч өгөөгүй гэдгийг баталсан. Өнгөрсөн хугацаанд маш их гүтгэлэг явсан. Намын дотоод сунгаа ийм түвшинд хүртлээ улс төржиж байгаад харамсаж байна. Баримттай зүйлээр ялладаг байхгүй бол улс төрийн зорилгоор гүтгэж болохгүй. Оюутолгойтой холбоотой гэрээн дотор олон хуулийн компаниуд бий. Тэдгээр компанийн нэг нь 126 хуудас тайлангийн “Монгол хан” жүжигтэй холбоотой нэг хуудсыг аваад л гүтгэсэн. “Монгол хан” руу нэг доллар л орсон байвал би хариуцлага хүлээнэ.
“Монгол хан” жүжгийн уран бүтээлчид рүү их дайралт ирж байна. Улс төрөө, урлаг соёлоос ялгаж салгаач ээ. Уран бүтээлчдийн урам зоригийг нь битгий мохоогооч ээ гэж гуймаар байна. Би “Монгол хан”-д нэмэр болж байсан зүйл үгүй. Харин гай л болж явсан. Тиймээс жүжгийн баг хамт олноос уучлалт гуйж байна. Төсвийн мөнгөөр нэг ч удаа гадагш явж байгаагүй.
Би юм ярих гэхээр намын даргын байр суурь мэт хүлээж аваад байсан учраас дугараагүй. Одоо УИХ-ын гишүүний ажлаа хариуцлагатай хийнэ. Би Ерөнхий сайд байхдаа олон жил гацсан ажлуудыг хөдөлгөхийг чин сэтгэлээсээ хүсэж, хамтарсан Засгийн газрыг байгуулан, хичээж ажилласан. Ажлаа өгсөн Ерөнхий сайдын хувьд яах гэж гал барьж, том ажлуудыг хийв дээ. Зүгээр байж байдаг байж гэж боддог юм байна.
Эрх баригчид хоорондоо талцаад анхаарал нэлээн суларлаа. Сөрөг хүчний хувьд ч хяналт тавих анхаарал сулардаг. ҮХЦ-ийн дүгнэлт Парламентын хэд хэдэн үйл ажиллагаанд халдсан. Парламентын амин сүнсийг хулгайлсан үйл явдал боллоо гэж бодож байна.
ҮХЦ бүх асуудлыг шийддэг болоод парламентынхаа дээр гарчих вий. Засгийн газрыг томилох, хариуцлага тооцох асуудал Парламентын бүрэн эрх. Би УИХ-ын гишүүнийг хамгаалаад байгаа юм биш гишүүдийн мандатыг хамгаалж байгаа юм.
Арваннэгдүгээр сарын 15,16-нд намын Их хурал болно. Хуралдаанаар намын даргын асуудлыг шийднэ” гэв.
