Коронавирус цар тахалтай холбоотойгоор Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүлэмжийн ногоо, өндөг, хүнсний хангамжаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
З.Мэндсайхан сайд гол нэрийн 8 бүтээгдэхүүний нөөцийг энэ үеэр танилцуулав. Тодруулбал, махны нөөц улсын хэмжээнд 47 хоног, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174 хоног, бүх төрлийн будаа 61 хоног, хуурай сүү 23 хоног, төмс 322 хоног, хүнсний ногоо 64 хоног, элсэн чихэр 53 хоног, давс 43 хоног, өндөг 1 хоногийн нөөцтэй байна.
Хүлэмжийн ногооны импорттой холбоотойгоор ХХААХҮЯ болон Гадаад харилцааны яамнаас Ажлын хэсэг байгуулагдаж, Зам-Үүдэд газар дээр нь ажиллаад ирсэн байна. Нарийн ногооны импортын зарим асуудлыг харилцан тохиролцсоноор нарийн ногооны нийлүүлэлт тогтворжиж байгаа аж.
Харин өндөгний нийлүүлэлтийн тухайд салбарын сайд З.Мэндсайхан хариулахдаа “Дотоодын өндөг үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт өмнөх үетэйгээ адил тоо хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа.
Баяр ёслол дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн өндөгний хэрэглээ нэмэгдсэн. Дээр нь Алтанбулаг боомт ажиллахгүй байгаа учраас Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр гэхэд хойд хөршөөс 4 вагон өндөг орж ирж байна” гэлээ.