alim.mn | 2024.12.13
Клиник үхэлд орсон хоригдол бүх насаар хорих ялаа цуцлуулахаар заргалдаж байна

Америкийн Айво мужийн шоронд хоригдож байгаа Бэнжамин Шрайбер нь сүүлийн дөрвөн жил өргөдөл гомдол, заргаар мужийн шүүхийг дарж байгаа гэнэ. Тэрээр 1996 онд 39 настай хөршөө түлээний сүхээр харгис хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтээ хугацаанаас өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаараа хоригдох ял авсан. Өдгөө 70 насыг шүргэж байгаа түүнийг шоронд ороход нь журмын дагуу эмнэлгийн зарим төрлийн тусламж түүний дотор сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд авах эрхийг нь хязгаарласан. Энэ хязгаарлалтыг Шрайбер эсэргүүцсэн ч түүний өмнөөс ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул эрхзүйн хувьд хүчинтэйд тооцогддог. 2015 онд шоронд Шрайберын зүрхний шигдээс хөдөлж улмаар клиник үхэлд орсон. Эмч нар аргагүйн эрхэнд хязгаарлалтыг зөрчиж эрчимт эмчилгээнд оруулж амийг аварсан. Клиник үхэлд орсон нь эмч нарын үзлэгээр тогтоогдсон агаад түүний бие аажмаар сайжирч хэвийн байдалдаа орсон. Харин бие нь дээрдмэгц үхээд боссоноо ялаа эдлээд дууссанд тооцуулахаар шүүхэд өргөдөл гаргаж өмгөөлөгч нь идэвхитэй ажиллаж эхэлжээ.  Өмгөөлөгчийх нь баталж байгаагаар клиник үхэл нь үхлийн бас нэгэн төрөл гэнэ. Үйлчлүүлэгч нь нэгэнт үхсэнд тооцогдсон тул түүнтэй хамт бүх насаараа хоригдох ялын үйлчлэл мөн зогсох ёстой аж. Өөрөөр хэлбэл ялаа эдлээд дууссан гэсэн үг болжээ. Тэгээд ч шүүхийн тогтоолд үхлийн дараа ч ялаа үргэлжлүүлэн эдлэнэ гэсэн заалт байхгүй тул Шрайберийг суллах  хэрэгтэй гэжээ. Өдгөө энэ асуудалтай холбоотойгоор Айово мужийн шүүхэд ширүүн маргаан дэгдэж мухардмал байдалд оржээ. Дагалдан эрхзүй, хуулийн онолын томоохон хэлэлцүүлэг өрнөөд байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ