Хүүхдийн гэх хандивын ажиллагааг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэв
Монгол Улсын Соёлын Яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээн, хандив цуглуулах Монгол туургатан оддын теле тоглолт өчигдөр 18.00 цагаас эхлэн МҮОНТ, UBS, V Television, TV5 Mongolia, TV9 Mongolia, ETV HD, NTV, С1 Telеvision, TV8 Mongolia, Star TV Mongolia, Edutainment TV, SBN tv, TMTV телевизийн сувгаар шууд дамжуулагдлаа.
Энэ тухай УИХ-ын гишүүн, хуульч Б.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал тэрээр: "Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгосон байна.
Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс.
Энэ ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино. УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компаниуд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа.Нэг жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн баригдчихсан Төрийн бус байгууллагын хуулиа нэг хэлэлцэж, батлахгүй бол ингэж байгаад нэг баларна. Сан, холбоо, төр гээд цэгцлэх төсөл. Баахан амьтан шоронд орж байж нэг ухаарч хөдлөх юм байхдаа. Арай л удаан дарагдаж байна даа. Манай улсад 21 мянган ТББ бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан байдаг. Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байна. Ер нь бол манай улс саарал жагсаалтад орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байна гэдэг асуудлаас болсон шүү дээ" гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ