Замын-Үүд дэхь “Холимог ачаа шилжүүлэн ачих иж бүрэн цогцолбор ” барих ажил “Чингэлэг шилжүүлэн ачдаг терминал” болж хувирсан түүх буюу 14,6 сая долларын эрэлд!!!
Монгол улс Ази, Европын чиглэлийн олон улсын тээврийн сүлжээний нэг маршрутын хувьд ОХУ, Казакстан чиглэлд төмөр замаар тээвэрлэгдэх бүх төрлийн ачааг шилжүүлэн ачих цогцолборыг Замын- Үүдэд барихаар болжээ. 10 орчим барилга байгууламжаас бүрдэх уг цогцолбор нь БНХАУ-аас нарийн царигийн төмөр замаар орж ирсэн ачааг өргөн царигийн төмөр зам руу шилжүүлэн ачих зориулалттай.
Төслийн нийт өртөг 71,6 сая ам доллар.
-Азийн хөгжлийн банкны 40 сая $-ын зээл
-Тус банкны 5 сая $ -ын буцалтгүй тусламж
- Монгол улсын Засгийн газар 26,6 сая $ гаргахаар гэрээлжээ.
“Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”–ийн хүрээнд 2011–2015 оны хооронд барьж дуусгах гэрээтэй.Энэ хугацаа дуусаад 4 жил болсон ч өнөөдрийг болтол дууссангүй. Хугацааг нь 4 жилээр 3 удаа сунгаж 2019.12.31-д дуусгахаар болжээ.
Гэвч энэ төслийн анхны зураг төслийг танигдахгүй болтол өөрчилж, технологийн зориулалттай гол барилга байгууламжуудыг хассанаар эдийн засгийн үр ашгийг нь бууруулсан төдийгүй Монгол улсад олон сая долларын алдагдал, хохирол учруулаад байна.
Хамгийн ноцтой нь уг төсөлд ЗГ-ын санхүүжилтээс гарах 26.6 сая доллараас 14,6 сая $ юунд зориулагдсан нь тодорхойгүй болжээ. Засгийн газраас батлагдсан 26,6 сая $-оос 2012-2018 онуудад нийт 9,3 сая $ төсөлд зарцуулахаар гаргасан. Харин 2 сая орчим $-оор 2011-2019 онуудын зээлийн хүүг Азийн хөгжлийн банкинд төлж, 0,7 сая орчим долларыг татвар, хураамжийн хөнгөлөлтөд зориулсан гэвэл нийтдээ 12 сая $ л төслийн хэрэгжилтэд зарцуулагджээ. Засгийн газрын санхүүжилтээс үлдсэн байх ёстой 14,6 сая орчим US$ -оор иж бүрэн тоноглол бүхий битүү, задгай агуулах, агуулах руу орох өргөн, нарийн царигийн төмөр зам барих, чингэлэг өргөгч техник, чингэлэг чирэгч дугуйт тавцангууд, чингэлэг чирэгчүүдийг зөөх өөрөө буулгагч кранууд ... авах ажлуудыг хийхээр төлөвлөсөн ч баригдсангүй. Гэтэл тус төслийн зохицуулагч Д.Энхбаатар: “ ЗГ-ын 26,6 сая $-ын санхүүжилтээс 14,6 сая $ биш ердөө л 200,0 сая төгрөг үлдсэн” гэж ЗТХЯ-д тайлбарлажээ. Төслийн 14,6 сая доллар хаашаа орсныг тодруулж, зураг төслийн дагуу үлдсэн бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэхийг шаардсан төслийн инженер, мэргэжилтнүүдийг Азийн хөгжлийн банк, ЗТХЯ-аар ажлаас нь халуулжээ. 14,6 сая долларыг хайгаад үзвэл: Монгол банкнаас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд 2014 оны 5-р сарын 27-ны өдөр хүргүүлсэн тайланд Замын-Үүдийн Ложистикийн төвийн битүү болон задгай агуулах барих төслийн гүйцэтгэгч “Ай Би Эй ложистикс” компанид Зам тээврийн яамтай байгуулсан гэрээний дагуу 50 тэрбум төгрөг шилжүүлэхээс 20 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар дурджээ. Засгийн газраас гарах 14,6 сая $-ын нэг хэсэг нь энэ байлаа гэж бодоход гүйцэтгэгч “Ай Би Эй ложистик” компани гэрээгээр хүлээсэн бүтээн байгууллалтуудыг Замын-Үүдэд хийсэнгүй.. Тус компаниар бүтээн байгуулалт хийлгэхээр тасалж өгсөн 350 га газраа төслийнхөн шүүхээр буцааж авсан түүхтэй.
Энэ бүхнийг төслийн хэрэгжилт, гэрээний биелэлт, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллах ёстой төслийн зохицуулагч Д.Энхбаатар мэдэж байх ёстой . Тэрээр зураг төсөлд тусгагдсан, ашиглалтын үед зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалтуудыг төсөв, мөнгө хүрэлцэхгүй гэсэн тайлбараар хассан мөртлөө тэзү-д огт байхгүй, 110 кВт-ын ЦДАШ-ыг техникийн үндэслэлгүй тооцоо хийлгэн 3,7 тэрбум төгрөгөөр нэмж бариулжээ.Мөн худалдан авах техникүүдийг ч өөрчилсөн байна. Тухайлбал: Нэг вагоны хүндийн жин 65 тн байдаг. Овор ихтэй, 65 тн хүртэлх ачааг шилжүүлэн ачихад зориулж, 50 тн-ын кранаас гадна 70 тн-ы крантай байхаар анх төлөвлөсөн ч 50 тн-ы 2 кран авсан байх жишээтэй. 70 тн-ын крантай болсноор Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хүнд даацын ачааны транзит тээврийн хэмжээ нэмэгдэж, төмөр замын тээврийн өрсөлдөх чадвар ОУ-д сайжирна гэсэн зорилго ийнхүү талаар болжээ.
Замын-Үүдэд хагас дутуу баригдсан уг төвийг Монголын төмөр зам хүлээж аваад УБТЗ-д 3 тэрбум гаруй төгрөгөөр түрээсэлснээр жил бүр 2 тэрбум орчим төгрөгийн алдагдал ЗГ хүлээж байна. Учир нь 2019 оноос эхлэн Засгийн газар Азийн хөгжлийн банкны үндсэн зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүнд жил бүр 5,4 тэрбум төгрөг төлж байна. . Санхүүжилтийн гэрээ ёсоор Засгийн газрын санхүүжилтээс гарах 14,6 сая $- оор баригдах ёстой байсан битүү задгай агуулах, чингэлэг өргөгч... олон зүйл дутуу учраас үүнээс өндөр үнээр түрээслэх угаасаа боломжгүй болжээ. Харин төслөөс Монгол улс ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байна.
Төсөл дуусах хугацааг 4 жилээр хойшлуулснаар зөвхөн зээлжих тусгай эрхийн ханшийн өсөлтийн зөрүүнээс 4,5 сая $-ийн алдагдал хүлээгээд байна. Манай авсан Зээлжих тусгай эрхийн ханш долларын эсрэг чангарсны улмаас АХБ-ны зээлдүүлсэн 40 сая $ доллар нь 35,5 сая $ болж багассны улмаас дээрх алдагдал бий болжээ.
Энэ зээлийг хүүг 2012 оноос эхлэн 1%-аар төлж байснаа энэ жилээс 1.5% -иар төлж эхэлсэн. Хүүгийн төлбөрийг Ложистикийн төвийн үйл ажиллагааны орлого, ашгаас төлөхөөр тооцсон. Гэвч уг төв өнөөдрийг хуртэл ашиглалтад ороогүй тул Засгийн газрын хөрөнгө оруулалтын 26.6 сая US$ -аас энэ хүү төлөгдөж байна. Үүний улмаас төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 сая US$-аар буураад байна.
Ийнхүү Монгол улс Замын-Үүдэд “Холимог ачаа шилжүүлэн ачих иж бүрэн төв” барих мөрөөдөл нь “Чингэлэг шилжүүлэн ачдаг терминал” болж хувирсан төдийгүй олон сая долларын өрөнд ороод үлдэж байна. Хэрэв уг төсөлд хариуцлагатай хандаж, хугацаанд нь дуусгасан бол алдагдал ядаж л 3.5 сая $-оор буурах байлаа. Төлөвлөгөөт хугацаандаа дуусаагүйгээс үүдэлтэй алдагдал, зураг төслийн дагуу хийгдэх зайлшгүй шаардлагатай обьектуудыг орхисноос үүдсэн эдийн засгийн хохирол, юу хийж бүтээсэн нь тодорхойгүй 14,6 сая долларт холбогдох хүмүүс тайлбар өгөх шаардлагатай болжээ.Мэргэжлийн хүмүүс энэ төслийг анхны зураг төслөөр явагдахгүй байгааг анхааруулж удаа дараалан холбогдох газруудад хандаж байсан ч тоохгүй явсаар өнөөдөр ийм зүйл болжээ.
Ийм л байдлаар улс орон өрөнд живж өнөөдөр Монгол улс 80 их наяд буюу хүнийхээ тоонд харьцуулбал нэг монгол хүн 25 сая төгрөгийн гадаад өртэй болчихоод байна. Төслийн 14,6 сая доллар буюу 39 тэрбум төгрөгөөр юу хийж бүтээснээ Зам тээврийн яам холбогдох газрууд тайлбарлана уу?
Сэтгүүлч Б.Отгон