alim.mn | 2024.12.25
Бурханч ламтан “Хансуун зам” компанийн хоршил буюу “Аглагийн хийд”-ийн 6, 2 км замын түүх ...

Концессийн гэрээ ёсоор 2015 оны 12-р сарын 5-нд хүлээлгэн өгөх учиртай  ч 2019 оны 7-р сарын сүүл хүртэл сунжирсан энэ замын түүх бас л сонин.  2013 онд “Аглагийн бүтээлийн хийд” –ийн тэргүүн Г.Пүрэвбат болон “Хансуун зам” компанийн гүйцэтгэх захирал А.Ууганзаяа нар Улаанбаатараас Дархан орох 98 дахь км-ээс Аглагийн хийд хүртэл долоон км хайрган хучилттай авто зам барих гэрээ байгуулсанаар энэ түүх эхэлжээ. Ламтаны “номын” хүчээр Хөрөнгө оруулалтын газрын санал гарч улмаар Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орж уг замын ажлыг төрийн өмчийн концессийн жагсаалтанд нэмж оруулжээ. “Номын” хүчээр хийгдсэн тул уг замын хэрэгцээ шаардлага, нийгэм- эдийн засгийн ач холбогдолыг тодорхойлоогүй, зардал ашгийн тооцоог ч гаргаагүй орхисон. Ламтаны төлөгт “Хансуун зам” гэж буусан тул Засгийн газрын тогтоолоор автозам барих 6,9 тэрбум төгрөгийн өртөгтэй “барих-шилжүүлэх” концессийн гэрээг уг компанитай байгуулахаар болжээ. 2015 онд гэрээ байгуулах үед долоон км-ыг 6,2 км болгож бууруулжээ. Мөн зураг төсөл боловсруулах, улсын комисс хүлээн авах, Төсвийн хуульд тусгаж батлуулах зэрэг заавал хийгдэх ажлуудыг шууд алгассан аж. Ингээд “Хансуун зам” компани ажилдаа орсон ч хөрөнгө дээрээ бүдэрчээ. Тэд Хятадын “Tianjin Metallurgy Group Import &Export” компанийн хөрөнгөөр замын ажлыг санхүүжүүлэхээр гэрээнд оруулсан  байсан ч яг цагаа тулахад урд зүгийн хөрөнгө оруулагч бултсан байна. Бантсан компанийнхан Улаанбаатар хотын банк болон бусад эх үүсвэрээс зээл авчээ. Хууль ёсоор хөрөнгө оруулагч солигдсоныг төрийн байгууллагад мэдэгдэх ёстой байсан ч хэлээ хазаад өнгөрөв. Хэрвээ мэдэгдсэн бол концессийн гэрээ цуцлагдах хүртэл зүйл заалттай тул аргагүй биз ... “Хансуун зам” ингэж хөрөнгөө зээлээр бүрдүүлсэнээр барахгүй шатахуун, бүтээгдэхүүн материал, тоног төхөөрөмжь техник хэрэгсэл зэргийг ч зээл түрээсээр авч ажлаа хийсэн. Түүгээр ч үл барам хөрөнгө оруулалтын санхүүгийн эх үүсвэрээ банкинд байрлуулалгүйгээр бэлнээр зарцуулж иржээ. Хуулинд заасан концесс эзэмшигч нь ашиглалт, гүйцэтгэлийн тайланг  улирал бүр эрх бүхий байгууллагад ирүүлэх үүргээ биелүүлсэнгүй. Эрх бүхий байгууллага болох Үндэсний хөгжлийн газар нь ч нэхсэнгүй.  Зам тавих ажил сунжирсаар 2017 онтой золгосон. Энэ үед сая л нэг юм Аглагийн хийдийн автозамын концессийн санхүүжилт Төсвийн хуулинд орж батлагджээ. Хуулийн дагуу СЯ оны сүүлээр 6,9 тэрбум төгрөгийг нь ҮХГ-д шилжүүлсэн байна. Гэсэн ч концессийн гэрээний биелэлт, явцыг хянаж шалгаж байгаагүйгээс зам хугацаандаа амжихаа байж үүнээс үүдэн батлагдсан хөрөнгө ондоо багтан ашиглахгүйд хүрсэн. Ингээд арга буюу СЯ-ны ТНБД-ын өгсөн чиглэлийг үндэслэн ҮХГ нь “Петростар” компанийн төлөх гаалийн татварт 1,3 тэрбумыг, “Улаанбаатар менежмэнт” компанид 814,8 саяыг гэх мэтээр 2,1 тэрбумыг нь шилжүүлжээ. Үлдэгдэл болох 4,7 тэрбум нь өнгөрсөн онын 10-р сарын сүүлээр ҮХГ-ын дансанд байж л байсан. Зам тавих үед тогтоосон хэмжээ, зураг төслийн заалт зөрчигдсөнийг дурдах ч хэрэггүй. Энэхүү концессийн гэрээ ёсоор “Хансуун зам” нь төсөлд хяналт тавих зөвлөх үйлчилгээний компанийг өөрөө сонгох байсан. Үүний дагуу “Банглостер” гэдэг компанийг 36 саяар авсан ч зарим мэргэжлийн инженер техникийн ажилтангүй гэх мэт шалтгаанаар хяналт тавих ажил эзэнгүйджээ. Ингээд 2016 оны намар 120 сая төгрөгөөр өөр нэг компаниийг оруулсан байна. Эцэст нь арай гэж 2018 оны 12-р сард ҮХГ болон “Хансуун зам” компани хамтран “Аглагийн хийд”-ийн “алдарт” 6,2 км авто замыг ашиглалтанд хүлээн авах комисс томилж өгөх хүсэлтийг ЗТХЯ-нд гаргасан. Яам ч бушуухан хүлээж авсанаар Төв аймгийн Борнуур сумын ЗДТГ-ын мэдэлд 2019 оны 9-р сараас ашиглалдаж эхэлжээ. Ийнхүү энэ зам концессийн гэрээ байгуулагдсанаас хойш 3,5 жилийн дараа ашиглалтанд орсон нь манайд ийм төрлийн ажил ямар дампуу явагдадгийн нэг жишээ юм. Анхнаасаа хөрөнгө оруулалтын зардлын тооцоог хийлгүйгээр орон нутгийн авто замын төслийг концессийн жагсаалтанд хүчээр шахуу оруулж батлуулсан. Хуульд заасан шаардлагыг хангахгүй байхад Засгийн газраас тогтоол гаргаж гүйцэтгэгч буюу концесс эзэмшигчтэй шууд гэрээ байгуулсан. Энэ гэрээгээ ҮХГ ч “Хансуун зам” ч биелүүлж мөрдөөгүй аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
103.212.119.151
Тэгээд яаж ийгээд л ажлаа дуусгасан л байна шүү дээ.Тэр хужаа луйварчин комданий нь тэр Ши Жи Пин д нь хэлээд цааүаар авахуулаач!! Өөрсдийгөө мэрээд байхаар!!
Төстэй мэдээ