Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 300 сая төгрөгөөр фитнесийн тоног төхөөрөмж авахаар зарласан тендерээ цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Монголбанкнаас 300 сая төгрөгөөр фитнесийн тоног төхөөрөмж буюу гүйлтийн цана, гуяны хоёр толгойт булчин хөгжүүлэгч зэрэг тоног төхөөрөмж худалдан авахаар тендер зарласан талаарх мэдээллийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудаснаа оруулсан юм.
Дээрх зурагнаас үзвэл Монголбанкны нэрээр зарласан уг тендерт оролцогчид материалаа гуравдугаар сарын 4-ний дотор ирүүлэх ёстой гэж заажээ.
Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа өнөө үед төрийн байгууллагадууд шаардлагагүй зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжих ёстой байтал. Фитнесийн төхөөрөмж авах тендер зарлалаа. Дотооддоо цар тахлыг алдаж хатуу хөл хорионы улмаас иргэд орлогогүй байгаа энэ үед Монголбанк ийн тансаглаж байгаа нь олны дургүйцлийг хүргэв.
Тэгвэл энэ мэдээлэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 300 сая төгрөгөөр фитнессийн тоног төхөөрөмж авахаар зарласан тендерээ цуцлаж байгаагаа мэдэгдэж, өөрийн твиттер хуудаснаа доорх тайлбарыг хийсэн байна.
Түүнчлэн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд:
"Өнгөрсөн онд буюу 2020 онд Монголбанкны захирлуудын зөвлөлөөс Монголбанкны нийт ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бялдаржуулах танхимыг тохижуулах, энэ хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийг 2021 оны төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд, зохих шаардлагын дагуу нээлттэй тендерийг зарласан ч цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй бухимдалтай байгаа энэ цаг үед зохимжгүй гэж үзэж, уг тендерийг цуцалсан болно. Уг тендерийн зориулалт, худалдан авах тоног төхөөрөмж нь Монголбанкны нийт ажилтан, албан хаагчдад зориулагдсан байсан гэдгийг үүгээр мэдэгдье" гэжээ.
Эх сурвалж: gogo.mn