БНХАУ-ын Засгийн Газраас Монгол Улсын Засгийн Газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэхээр болж, 2019 оны 07 сарын 26-нд Монгол, Хятадын албаны хүмүүс гарын үсэг зурсан. Монголчууд ширээ сандал, машин тэргэнд дуртай нь илт харагдаж, гэрээ байгуулагдсан өдөр буюу 7 сарын 26-нд 180 сая төгрөгөөр машин авах тендер зарлажээ. Жилийн дараахан буюу өнгөрсөн 11 дүгээр сарын 11-нд "Моннис моторс" компаниас 177 сая төгрөгөөр жийп машин авчээ. Мөн 50 сая төгрөгөөр тавилга авахаар болсон байна. Харуул хамгаалалт 202 сая төгрөг, зөвлөх үйлчилгээнд 120 сая төгрөг, Тэрчлэн түр байр барих гээд сар болгон шахуу 80 сая төгрөг зардаг бололтой. Автобусны буудал нүүлгэн шилжүүлэхэд 56 сая гэхчлэн мөнгийг улсын төсвөөс мөнгө “урсгаж” байна.
“Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл 36 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, 8 блок барилга баригдахаар төлөвлөгджээ. Гэтэл гурван жилийн дотор баригдах ёстой ч одоогоор 2 жийп машин авчээ. Харин хугацаат гурван жилдээ багтаж баригдах эсэх нь эргэлзээтэй. Өнгөрсөн 2 дугаар сард Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн "Барилгажих талбайн харуул хамгаалалтын үйлчилгээ" авна гэж 693 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлажээ.
Мөн Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн, Нийслэлийн Засаг Дарга 2018 оны 07 дугаар сард захирамжаар гаргаж, 3.8 га газар эзэмших эрхийг Нийслэлийн Орон Сууцны Дэд Бүтцийн Газарт шилжүүлээд байна гэсэн ч өнгөрсөн 2020 онд газар чөлөөлөхөд зориулж 513 сая төгрөг гаргажээ.