Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээгийн эрүүдэн шүүгдсэн бичлэгтэй холбоотой зарим зүйлийг хэллээ.
Л.Оюун-Эрдэнэ: "Т.Чимгээтэй холбоотой та нарт үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж хар тамхи тариад, хувцасыг нь зохион байгуулалттай тайлаад бичлэгийг нөхөр рүү нь явуулсан асуудал хүртэл гарсан байгаа. Энэ бүхнийг олон нийтэд ил болгож, тухайн өдрүүдэд ярьж чадаагүй. Өчигдөр Жендэрийн үндэсний хорооны хурал дээр манай эмэгтэй УИХ-ын гишүүд тавьсан.
Тийм учраас Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах агуулгаар гуравдугаар сарын наймны өдөр Т.Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа гэдэг агуулгаараа биш. Эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байж болохгүй гэдэг агуулгатай. Мөн Төв аймгийн ашиглалтгүй тусгай хорих ангиа тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын наймны өдөр очно. Төв аймгийн хорих ангийг дахиж ашиглахгүйгээр хаана. Мөрдөн байцаах үйл ажиллагаа гацсан байгаа асуудалд Засгийн газар онцгой анхаарал тавьж ажиллана. Тийм учраас 2021 онд эмэгтэй хүний эрх, ажлын байрны хүчирхийлэл, эмэгтэйчүүд авлигын эсрэг тэмцэхэд онцгой анхаарна" гэлээ.