АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн болон гишүүд, дэмжигчид өнөөдөр удаа дараа улс төрийн алдаатай шийдвэр гаргасан, олон гэмт хэрэгт холбогдож гишүүд, дэмжигчдийн итгэлийг алдсан хэмээн АН-ын дарга С.Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардлаа.
Хэвлэлийн хурлын эхэнд “Хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг байгуулна хэмээн Үндсэн хуулиндаа баталсан боловч өнөөдөр шударга ёс устаж, Ардчилсан нам МАНАН-гийнхнй гарт оржээ” хэмээн ярьсан юм.
АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс С.Эрдэнийг дараахь 4 үндэслэлээр огцрохыг шаардаж байна:
- С.Эрдэнэ нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ хэрэгжүүлж чадаагүй.
- УИХ-ын зарим гишүүдийг бүлэглэлийнхээ эрх ашигт үйлчилсэнгүй гэх шалтгаанаар намаас хөөж АН-ыг хоёр нам болгон хуваасан.
- Капитал банк, нийгмийн даатгалын хэрэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газар, хүүхдийн Найрамдал зуслангийн газрыг шамшигдуулсан зэрэг олон гэмт хэрэгтэй холбогдож, өнөөдөр хамгийн муу улс төрчдийн жагсаалтыг тэргүүлж байна. Үүнийг даган АН-ын нэр хүнд улам унасан.
- Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан МАН-ын 60 тэрбумын хэргийн бохир схемийг АН-д хуулбарлан хэрэгжүүлэхээр оруулж ирж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг 100 сая төгрөг төлөхийг шаардсан нь АН-ын МАНАН бүлэглэлийн сүүлчийн хорогдох сүүлчийн байр болгосны илрэл. Ингэснээр намын дэмжигчид, гишүүдийн итгэлийг үгүй хийсэн.
АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс намын удирдлагыг улс төрийн удаа дараа алдаатай шийдвэрүүдээ эргэн харж, засах шаардлагуудыг энэ оны гуравдугаар сараас эхлэн хүргүүлсэн байна. “Гэвч АН-ын дарга С.Эрдэнэ энэ шаардлагыг тоогоогүйгээр барахгүй намын гишүүдээ цагдаад өгч, хэрэг үүсгүүлэн дарамталж, намаас хөөх зэрэг увайгүй үйлдлээ үргэлжлүүлсээр байна” хэмээн АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийнхөн хэлж байлаа.
АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс С.Эрдэнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө өөрийн хүсэлтээр АН-ын даргын албан тушаалаас огцрохыг шаардлаа.
Хэрвээ энэ шаардлагыг хүлээн авахгүй бол АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий гишүүд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, шударга ёсыг эрхэмлэсэн бүлэглэл бус ард иргэддээ үйлчилдэг жинхэнэ Ардчилсан намаа шинээр байгуулахаа мэдэгдлээ.