Хилээр “буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэж ажилладаг Гаалийн ерөнхий газар өнгөрсөн долдугаар сард 48.8 сая төгрөгөөр энгэрийн тэмдэг худалдан авч, 41.8 сая төгрөгөөр үнэмлэхний хавтас худалдан авчээ. Иргэд, татвар төлөгчдөд цар тахлаас улбаалан эдийн засаг хэцүү байгаа үед 90 саяар нь энгэрийн зүүлт, хавтас мэтэд мөнгө зарах нь үнэхээр ойлгомжгүй. Гэвч Гаалийн ерөнхий газар хотойхгүй, 2020 оны долдугаар сард “Цэц Тэнгэр” ХХК-д нийтдээ 90 сая төгрөг 677 мянган төгрөг шилжүүлж, энгэрийн тэмдэг, үнэмлэхний хавтас захиалсан байна. Гарын үсэг зурсан нь Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт. ГЕГ-ын дарга Б.Асралтыг ерөнхий сайд асан Сү.Батболдын ойрын хамаатан, нэг үе туслах зөвлөхөөр нь ажиллаж, цүнхийг нь барьж явсныг хүмүүс андахгүй.
Үүгээр тогтохгүй Гаалийн ерөнхий газар өнгөрсөн 9 дүгээр сарын 25-нд 165 сая төгрөгөөр зангиа худалдан авсан нь анхаарал татаж байна. Ингэхдээ “Анар гранд ХХК”-иас зангиагаа худалдан авчээ. Гаалийн ерөнхий газар 1500 ажилтантай аж. Дарга цэрэггүй, харуул үйлчлэгчгүй бүгдээрээ зангиа зүүвэл энэ зангиа нэг бүр нь 110 мянган төгрөгийн зангиа болох нь. Монголчууд нийтээрээ ядуу, нэг зангиа 110 мянгаар авч зүүх байтугай, энэ хэмжээний мөнгөөр цамц аваад өмсөх чадалтай хүн ч ховор байгаа нь нууц биш. Гэтэл гаалийнхан төсвийн 165 сая төгрөгөөр зангиа, 40 гаруй сая төгрөгөөр албаны үнэмлэхний хавтас худалдаж авах нь асуудал биш бололтой.