УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Анх Оюутолгойн гэрээ зурагдаж байхад хотоор дүүрэн талхны зурагтай самбар байрлуулж гэрээ байгуулагдвал ашгийн 70 хувь Монголчуудад, 30 хувь нь Хөрөнгө оруулагч талд ноогдоно гэсэн реклам их хийгдсэн. Гэрээ батлагдаж, хөрөнгө оруулалт хийгдээд 10 жил болчихлоо. Одоо Монголчуудад 70 хувь нь ирсэн байна уу, эсвэл эсрэгээрээ болсон уу гэдгийг эргэж харах ёстой. Монголын талын 34 хувийн хувьцааны өр хүүтэйгээ хамт 1,4 тэрбум доллар, Оюутолгойн хөрөнгө оруулалт 11,1 тэрбум доллар. Монголчууд үүний 10 хувьтай тэнцэх хэмжээний өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болсон гэсэн үг. Уг нь хувьцаа эзэндээ ноогдол ашиг авчирч байх ёстой. Гэтэл эсрэгээрээ өр өгдөг хувьцаа болсон. Анхны хөрөнгө оруулалт нь 5,3 тэрбум доллар байна гэж гэрээнд тусгасан боловч өнөөдөр 2 дахин их хөрөнгө оруулалт хийгдсэн нь юунаас болсон гэдгийг олох ёстой.
ХОЁРДУГААРТ... Бид хамгийн том татвар төлөгч Оюутолгойтой татварын маргаанд орсон. 2010-2012 оны санхүүгийн тайланд 3,2 тэрбум доллартай тэнцэх хэмжээний санхүүгийн зөрчил гарсан байна. Энэ зөрчлийг сөхөж тавих.
ГУРАВДУГААРТ...Менежментийн үйлчилгээний төлбөрийн асуудал. Хэрвээ энэ зардлаар цааш 2041 он хүртэл явбал 2 тэрбум доллар болно. Монголчуудын 2023 онд хүртэх ёстой ашиг 2041 он болсон. Хөрөнгө оруулалт дахиж нэмэгдэх юм бол энэ хугацаа улам л хойшилно. Энэ тооцоогоор 2041 онд бид 1 тэрбум долларын өртэй хувьцаа эзэмшигч болж хоцорно. Тэгэхээр Монголын талд аль хувилбар нь ашигтай вэ, татвараа аваад явсан нь дээр үү, бүтээгдэхүүн хуваах хувилбар нь ашигтай байна уу. Энэ чиглэлээр манай Засгийн газар Рио тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Оюутолгойн компани гэрээний дагуу хүлээсэн үүрэг биелэгдээгүй байна. Наад зах нь 130-140 сая долларыг Хятадад алдаад эрчим хүчээ Монголын талаас нийлүүлж чадахгүй сууж байгаа гээд гэрээ биелээгүй олон жишээ байна" гэжээ.