Орчин үеийн зэвсэгт хүчин, Ардын армийн 100 жилийн түүхт ой тохиолоо гэж өчигдөр баярлав. “Мартын 8”-ны хариу болгож, эмэгтэйчүүд нөхрөө баярлуулдаг өдөр гэхэд болно. Харин ойрдоо орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ой гэж тунхаглаж, ач холбогдол өгч байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлдэж буй, саяхан Ерөнхий сайдаас огцорсон У.Хүрэлсүх "шороон" царайлан, танк унан давхив. “Цогт тайж алаг морьтой явна” гэх нь холгүй МАН-ын фанатууд хөөрцөглөв.
Ер нь аж ч бодсон Монгол Улс, Монгол үндэстэн 1921 оноос хамаагүй өмнө бий болсон. Нарийн яривал Монгол үндэстний сүүлийн мянган жилийн түүх тэр чигээрээ цэргийн түүх. “Орондоо ч орох завгүй олзлон булаацалдаж, хөнжилдөө ч орох завгүй хөнөөлдөн” тэмцэлдэж явсан улс. Хороо, сумангаас өмнө, аравт, зуут, мянгат гээд цэргийн зохион байгуулалттай, дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй улс. Сүбэдэй, Зэв гээд дэлхийн цэрэг стратегийн түүхэнд мөнхөрсөн жанжин дайчидтай. Гэтэл 100 жилийн түүхтэй, Дамдины Сүхбаатараас эхлээд Ухнаагийн Хүрэлсүх хүртэл “урагшилж” яваа улс шиг МАН-ын 100 жил, орчин үеийн зэвсэгт хүчний 100 жил гэхчлэн “пиардаж” байна.
Хамаг үнэ цэнэтэй зүйл, түүхийн дурсгал, музейн үзмэрүүдээ гадагшаа гаргаад алдчихсан, одоо ч үргэлжлүүлэн гаргаж арилжсаар байгаа, мөнгө цагаан, нүд улаан болсон улс даа. Гандантэгчинлэн хийдээс Монголбанкиндаа хадгалуулахаар өгсөн найман авдар эрдэнэсийн зүйл нь алга болчихсон. Тэгсэн мөртлөө Дондогдулам хатны хөөрөг, үнэт зүйлийг сүүлд баяжсан хүн барьчихсан, гайхуулаад явж байдаг. Түүхийн музейгээ нураачихсан, 12000 үнэт үзмэр нь хаана байгаа нь мэдэгддэггүй. Хадгалах горим алдагдаж, эвдэх сүйдэх, бүр солигдох аюул ч нүүрлэх магадлалтай.
Соёлын сайдаар Монголын толгой баяны охин томилогдсон. Багаасаа гадаад дотоодод явж бишгүй суралцсан. Гэтэл сая төгрөгөөр сар суралцах, 5000 залууг хувцсаар ижилсүүлэх хэмжээний ажил хийж яваа төдийхөн. Хамгийн “аймшигтай” нь Соёлын сайд нь 100 жилийн өмнө өмсөж байсан Дамдины Сүхбаатарын дээлийг хувийн телевизийнхээ студид авчирчихсан харуулж байх. Хадгалах горим зөрчин музейн үзмэрийг дур зоргоороо зөөж авчирч болох уу. Наанадаж урагдаж цоорч, цаанадаж солигдвол яах вэ. Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл бус уу?