alim.mn | 2024.12.29
Сү.Батболдын хүүхдийг сургуульд оруулж өгөөч гэж гуйсан Ё.Отгонбаярын захиа төрийн нууц уу?

“Тунгалаг Тамир” кинонд “Энэ хошууны бузар булайг уудалбал далай, далай” гэдэгчлэн улстөрчдийн гаргаж байгаа үйлдлийг яривал булай, булай. Дипломат алба тусгай алба шахуу ч манайд карьер нь дуусаж байгаа улстөрчдийг дэвшүүлэн зайлуулж явуулдаг албан тушаал болсон гэхэд хилсдэхгүй. МАН-ын генсек, УИХ-ын гишүүн, Боловсрол сайд байсан, дипломат гэж болох АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ё.Отгонбаяр. Гэтэл АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярын “Миний ерөнхий сайд Сү.Батболдыг хүүхэд Сэдбазарыг сургуульд оруулж өгөөч” гэсэн емайл ил боллоо. Эх орноо төлөөлсөн Элчин сайд танил талынхаа хүүхдийг дээд сургуульд авч суралцуулж өгөөч гэж, Монгол Улсын нэрийг барин, хошуу дэвсэн гуйсан нь ичгүүртэй. Гэтэл Ё.Отгонбаярыг яах ч үгүй, харин цаад үйлдлийг илчилж, захиаг задалсан хүнийг шуурхай олж, төрийн нууц задруулсан хэмээн есөн эрүү тулгахаар болж байгаа юм байх. Ер нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдэгдсэнээр бараг олчихсон бололтой.

 АНУ дахь ЭСЯ-ны албаны цахим хаягт нэвтрэх нууц үг, интернэтээр харилцах эрх байдаг, элчин зөвлөх И-д байдаг, энэ хүн задалсан гэж үзэж байгаа аж. Энэ хүн Гадаад харилцааны яаманд хэдхэн сар ажиллаад л Элчин зөвлөхөөр томилогджээ. Бас л нэг даргын дүү. “Энэ орос чихрийн цаасыг хаанаас авсан бэ” гэж тулгах шахуу болжээ.  Захидал бичсэн нь ичмээр үү, захиаг задалсан нь буруутай юу?

    Хэн нэгэн албан тушаалтны эрх ашигт үйлчилсэн төрийн албан хаагч, тэр тусмаа дипломатчийн ийм үйлдэл төрийн нууцад хамаардаг болж байгаа юм байлгүй. Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар экс генсекээ МАН-ынхан өмөөрөхдөө "Элчин сайд нар дотроо хамгийн өндөр боловсролтой, чадвартай нь " гэж хаацайлж байна билээ.  Хамгийн өндөр боловсролтой, чадвартай нь ийм үйлдэл гаргаж байхад бусад нь юу болж байгаа бол...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ