alim.mn | 2024.12.29
Занданшуулсан шарилд зориулж 164 сая төгрөг гаргасан ч 10 хүнээ хайсангүй

Дундговь, Говьсүмбэр аймагт хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас 10  амь эрсдэж, олон тооны айл өрх орон гэргүй болсон, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа хэд хоног үргэлжилсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэг 5 сая төгрөг өгсөн. Ингэхдээ эмгэнэл харуусал ч илэрхийлэлгүй “Миний бие 5 сая өгсөн шүү” гэх нь холгүй эхэлжээ. Эмгэнэл нь өөрөө эмгэнэл. Ахин дахин миний бие, миний бие... байгалийн гамшигт өртсөн ядарсан иргэдийн амь нас хамаагүй, 5 сая төгрөг өгснөө зарлах нь чухал аж. Миний бие дахин дахин миний бие. Гишүүн болохоороо би гэж хэлэхээр өөрийгөө дорд үзсэн хэрэг гэж сэтгээд миний бие гэж өөртөө их хүндэтгэлтэй хандсан бололтой. Улстөрч биш том намын улаан дарцаг дор намирч яваа шүлэгч. Таван үгэндээ танигдана гэдэг. Түүнд яруу найрагчийн халуун сэтгэл байхгүй юм шиг ээ.

УИХ-ын гишүүн Сү.Батболд энэ үеэр хувиасаа 200 сая төгрөг хандивлах болсноо зарласан. Сүүлийн 21 жил төр засгийн бодлогод нөлөөлөх үүрэгтэй оролцсон, цагаан гартай, цагаан захтай Сү.Батболд шүлэгч хүүхэн шиг гэнэдсэнгүй. Мэдээллийн томхон сайтаар сэмхэн төлбөртэй мэдээ явуулав. Гэхдээ Ерөнхий сайд байсан хүн, яруу найрагчид хэлэхэд  Улсын их хурлын гишүүний үүрэг нь хувиасаа хандив өгч оноо цуглуулах биш, ийм үед энэ улсын иргэн, байгууллага хандив тусламжаар асуудлаа шийддэг биш эрх зүйн үүднээсээ санхүүгийн чадамжтай байлгах бодлого боловсруулмаар юм.

Сэтгүүлчид 10 эрдэнэ хүний амь эрсдлээ гэж мэдээлсэн болохоос эрх баригчдад энэ гарз, хохирол юу ч биш бололтой. Олон нийт шаардсаар байхад гүйцэтгэх засаглалын тэргүүн гөлөг хуцахын дайны тоосонгүй, эмгэнэл илэрхийлээгүй. Харин төрийн тэргүүн эмгэнэл илэрхийлсэн.

Дундговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлынхан “үйлээ үүрч, үлдсэнийг нь чирч” сураггүй бологсдыг явган нүцгэн хайхад УОК таг чиг. Иргэд “Шуурга намдсан нисдэг тэргээр хайгаад өг” гэсэн ч тоосонгүй. Ганц пургон ч явуулсангүй, байгалийн гамшгийн шилийг харлаа. Корона гэж “хадны мангаа”-гаар иргэдээ айлгасаар...

2015 онд Архангай аймгаас хулгайн замаар Улаанбаатарт ирсэн  лам хүний занданшуулсан шарилыг хуучин байранд нь буцаан залсан. Тус шарилыг орон нутагт нь буцаан байршуулахад зориулж, 164 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байдаг.

 Энэ хэмжээний мөнгөөр нисдэг тэргээр 10 хүн эрж хайхад хангалттай мөнгө. Гэтэл нэг занданшуулсан шарилд зориулдаг мөнгийг, 10 халуун амь хайхад зориулж чадахгүй арчаагүй төр засагтай азгүй иргэн юм аа, бид.   

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ