Төрийн өмчит, оролцоот, хувьцаат компаниудаас хамгийн санхүүгийн чадвартай нь “Эрдэнэс тавантолгой” гэгдэж байна. Гэхдээ том айлын “зовлон” том байдаг бололтой. Хэрэг зарга ч тасардаггүй аж. Энэ оны 1-р сард гэхэд шүүхийн тэмдэгтийн хураамжинд маш их мөнгө буюу 266 сая төгрөг төлжээ. Шүүхдэх заргалдахад ийм их хөрөнгө зарцуулж байгаа нь хуулийн маргаантай асуудал, учирсан хохирол, “тавиад туусан”, “дашин шог” болсон зүйлс тун их байгааг харуулж байна. Энэ нь нэг талааараа компанийн удирдлагын удирдах ур чадвартай холбоотой байх талтай. Уг нь энэ компани “чадварлаг” дарга захирлуудтай , “оновчтой” бүтэцтэй, алдаа гаргах нь байтугай хазгай ч гишгэхээргүй айл юмсан. Б.Ганхуяг гүйцэтгэх захирлаар томилогдоод хамгийн олон буюу 150 гаруй хүнийг ажилд авсан байдаг. Үүнээс тал хувийг нь удирдлагын аппаратад оруулсан нь 2016 онтой харьцуулахад дарга, захирлын тоог 35 хувиар өсгөсөн. “ЭТТ” компанийн хөгжлийн бодлого, стратеги, бизнэс төлөвлөгөөг боловсруулах хэрэгжүүлэх чиг үүргийг Бизнес төлөвлөлт, инновацын болон Эдийн засаг, хөрөнгө оруулалтын гэсэн хоёр хэлтэс гүйцэтгэдэг. Шинээр болон хэрэгжиж байгаа төслийг Төслийн удирдлагын хэлтэс, Дэд бүтцийн хэлтэс, Бизнес төлөвлөлт, инновацын болон Эдийн засаг хөрөнгө оруулалтын гэсэн дөрвөн хэлтэс хариуцдаг. Санхүү, тайлан тооцоо гаргах чиг үүрэг нь Санхүүгий хэлтэс, Нягтлан бодох бүртгэлийн болон Эдийн засаг, хөрөнгө оруулалтын гэсэн гурван хэлтэст давхарддаг гэсэн. Компаний удирдлагыг хэрэгжүүлэх 60 гаруй хүнтэй Ерөнхий удирдлагын нүсэр газар байсаар атал Б.Ганхуяг дэргэдээ нийт 10 орчим хүнтэй Гүйцэтгэх захирлын ажлын алба гэгчийг байгуулсан. Ийм мундаг бүтэцтэй атал шүүхдэх заргалдах ажил нь тасардаггүй, үүндээ 266 сая төгрөг төлөөд сууж байгаа нь гайхалтай.