Халдвар авсан иргэн Баян-Өлгий аймгийн харьяат бөгөөд Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад өчигдөр буюу энэ сарын 4-ний өдрийн шөнийн 00:00 цагийн үед Өлгий хотод орж иржээ. Тухайн иргэн аймагт орж ирмэгц түргэвчилсэн оношлуураар 2 удаа шинжилгээ хийхэд эерэг гарсан тул нэн дариу тусгаарласан байна. Улмаар PCR-ын шинжилгээ хийхэд халдвар авсан нь батлагдлаа.
Тухайн иргэн Улаанбаатар хотоос 2 тээврийн хэрэгслээр 9 хүнтэй хамт ирсэн. Эдгээр хамт ирсэн нэгдүгээр хавьтлын хүмүүсийг аймгийн Авто тээврийн төвд тусгаарлаж шинжилгээ хийж байна. Батлагдсан тохиолдлын биеийн байдал нь хүндэвтэр, чихрийн шижин, бөөрний дутагдалтай архаг суурь өвчтэй хүн гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Өнөөдөр 19:00 цагаас эхлэн аймгийн болон сумдын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлав.
- Маргааш буюу 4-р сарын 6-ны өдрийн өглөөний 06:00 цагаас эхлэн 48 цаг аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхээр болов.
- Тухайн хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын /төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль, цэцэрлэг, дотуур байр, барааны дэлгүүр г.м/ үйл ажиллагааг зогсоов.
Тэг зогсолтын хугацаанд өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буяны ажилд оролцон Ховд аймагт буцаж очоод халдвар авсан нь батлагдсан иргэний ойрын болон дам хавьтагчдыг цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын дэмжлэгээр өргөн хүрээнд илрүүлж, шинжилгээ хийхээр боллоо.