Говь-Алтай аймгийн Алтай суманд байх Хилийн цэргийн 0214-р ангийн 4-р застав буюу Баянтооройн заставт хүний амь хохироосон ноцттой хэрэг гарлаа. Тодруулбал, тус ангид Ховд аймгийн Чандмань сумаас татагдсан 19 настай Х, Орхон аймаг Баян-Өндөр сумаас татагдсан 19 настай М нар Чандмань богд хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байгаад, харуулын дарга Г-г АКМмаркийн галт зэвсгээр цээжин тус газарт 3 удаа буудаж амь насыг нь хохироожээ.
Талийгаач 34 настай, Ховд аймгийн Буянт сумын харьяат.
Хэрэг үйлдэгчид харуулын даргаа буудаж хороогоод, АКМ галт зэвсэг 2ш, сум 47ш авч зугтаажээ. Ингэхдээ ойролцоо айлын хүмүүст зэвсэг үзүүлэн сүрдүүлж, цэнхэр өнгийн Хурд нэртэй улсын дугааргүй мотоциклыг нь дээрэмдэн, унаж явжээ.
Тухайн застав дээр харуулын дарга нь дөрвөн байлдагчийн хамт байдаг бөгөөд уг хэрэг гарсны дараа нөгөө хоёр байлдагч нь 25 км хол байх застав руугаа гүйсээр ирж хэл дуулгатал 3 цаг орчим хугацаа зарцуулжээ. Учир нь хэрэг үйлдэгчид холбооны хэрэгслүүдийг бүгдийг нь тасалж, унаа мал үлдээгээгүй аж.
Яг одоо цагдаагийн алба хаагчид тухайн этгээдүүдийг мөрдөж, холоос хяналтдаа аваад байгаа юм байна. Учир нь зэвсэгтэй этгээдүүд бусдад хохирол учруулахгүй байх нөхцлийг чухалчилж байгаа аж
А.ТАМИР
.