alim.mn | 2024.12.27
“Дипломат-95”-аас жолооч нарын нэр дээр гурван байр аваад зарсан ДБҮЭГ-ын экс дарга О.Заяамандах 510 сая төгрөгийн төлбөрт унажээ

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд, Л.Пүрэвсүрэнг ГХ-ийн сайд, Б.Болорыг Сангийн сайд байхад 2016 онд буюу алдарт АСЕМ-ийн шуугианаар “Дипломат-95” цогцолбор гэх төрийн өмчийн байрыг  хувьчлал нэрээр ГХЯ, СЯ болон төрийн томчууд хувааж авсан.  Энэ цогцолбор нь  орон сууцны зориулалттай 80 байр, офис зориулалттай 15 байртай байснаас ийнхүү нэрлэгдсэн.  Харьяалалын хувьд ГХЯ-нд багтаж, санхүүгийн тайлан нь ГХ-ийн сайдын багцын тайланд нэгтгэгдэж ирсэн. Уг нь УИХ-ын тогтоолоор хувьчилж үл болох обьектын жагсаалтад орсон ч Ч.Сайханбилэг, Л.Пүрэвсүрэн, Б.Болор нар Засгийн газрын тогтоол гаргаад уг жагсаалтаас хасчихсан. ГХ-ийн сайд байсан Д.Пүрэвсүрэн  “Дипломат-95” нь ашиглалтгүй, хувийн хэдхэн байгууллага түрээсэлдэг, түрээсээ төлдөггүй тул ашиглалтын зардал ихтэй байсан мэтээр “бурсан” ч хувьчлагдах үед олон улсын байгууллага, төсөл голдуу түрээсийн дүүргэлт 90 хувь, төлөлт 95 хувьтай, жилд тухайн үеийн ханшаар хоёр сая долларын түрээсийн орлого оруулдаг байв. Гэсэн ч цаагуураа хувааж авахаар шийдэн “АСЕМ сурвалжлах 1000 сэтгүүлч суулгана” хэмээн түрээслэгчдийг нь хөөж гаргасан.  ГХ-ийн экс сайдын ярьсанаар байр хүссэн дипломатуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн хувьчлахаар болжээ. Тухайн үед цогцолбор нь ТӨХ-ийн мэдэлд шилжсэн тул удирдлагыг нь ГХЯ, Сангийн яам хамтарч томилдог байв.  Ингээд хоёр яам хувчьлах талаар хамтарч ажиллахаар болтол Б.Болорын талынхан 20 байр нэхэн, өгөхгүй бол асуудлыг Засгийн газарт оруулахгүй гэжээ. Ингээд хүссэнийг нь өгөхөөр болжээ. ГХ-нд ТНБД-аар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдахын хамт цогцолборыг хариуцдаг  Дипломат байгууллагын  үйлчилгээ эрхлэх газар/ДБҮЭГ/-д ч захирал О.Заяамандах, дэд захирал Сүхбалт нараар удирдуулсан хэсэг бий болжээ.  ГХЯ-наас ДБҮЭГ –д эхлээд 15 байрны квот ирсэн ч дараа нь тав нэмэгджээ.  Ажлын хэсгийнхэн олон жил буюу таваас дээш жил ажилласны дээр байргүй хүмүүсд  өгнө хэмээн мэдэгджээ.  Энэ шалгуураар дарга нар юу ч хүртэхгүй ч тэд хоосон хоцрох хүмүүс биш. Ингээд гадаадад томилогдсон жолооч нарынхаа нэрээр байрны квот авцгаажээ.  Мөн жолооч нар ч шалгуур хангаагүй ч тэднийг байр авах ажилтнуудын жагсаалтанд оруулах нь “алга урвуулах” төдий зүйл. Захирал О.Заяамандах  Казакстан, Энэтхэг, Польшид томилогдсон гурван жолоочийн нэр дээр “Дипломат-95”-аас 3-4 өрөөтэй гурван байр авчээ.  Захирал жолооч нартай урьдчилан уулзаж бүхнийг  тохирсон агаад бүр нэр дээр нь авсан байрнуудаа зарна гэдгээ ч нуугаагүй байна.  Тэд ч нэгд дарга нь хэлсэн, нөгөөд гадаад томилолт авч буй тул өөрсдийх нь нэрийг ашиглахад  дургүйцээгүй аж.  Мөн захирлын хэлсэн ёсоор байрны гэрчилгээ гарсаны дараа нэрийг нь өгсөн хүн дээр итгэмжлэл хийж явуулах үүрэг хүлээжээ. Энэ үүргээ ч биелүүлсэн агаад итгэмжлэгдсэн хүн нь О.Заяамандахын бэр нь байсан. Бэр өөрийн биеэр ГХЯ-ны Консулын газар очиж ирсэн гурван итгэмжлэлийг авчээ. Ийнхүү гурван байр бэрээс захирлын хүү болон эхнэрийх нь нэр дээр шилжигдэж улмаар цаашаа гуравдагч этгээдэд зарагджээ.  Хүү нь өөрийн нэр дээр шилжиж ирсэн 93м2 талбайтай гурван өрөө байрыг 160 саяар зарсан гэнэ. Энэ хугацаанд хоёр байрыг зарж амжсан агаад гуравдагч байр эхнэр болон түүний ахын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн аж.  О.Заяамандахын албан тушаалаа урвуулан ашиглаж авсан гурван байр нь зах зээлийн үнэлгээгээр нийтдээ 510 сая төгрөг болжээ. Экс дарга мөрдөн байцаалтын шатанд 304 сая төгрөгийг бэлнээр буцаан төлж, харин зарагдаагүй үлдсэн 213 сая төгрөгийн үнэлгээтэй 129.77мк.в талбайтай дөрвөн өрөө байрыг ДБҮЭГ-д шилжүүлэх болсоноор хохирол бүрэн төлөгдсөн гэнэ.  Шүүх  ийнхүү хувьчлал нэрээр хотын төвд байрлалтай гурвын гурван байрыг “атгаад” алдсан экс даргыг 20 сая төгрөгөөр торгожээ.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ