alim.mn | 2024.12.27
Б.Ундармаа 40 сая төгрөгийн торгуульд бус “ард түмний төрд итгэх итгэлийг алдуулсан” гэсэн буруутгалд ихэд “эмзэглэжээ”

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт нь 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсаныг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан. Шүүх хурлын үеэр сангийханд нөлөөлсөн мөн ялын торгуулийн хэмжээтэй маргаагүй агаад харин ганцхан зүйлд ихэд “эмзэглэжээ”. Яллах дүгнэлтэнд түүнийг “төрд итгэх итгэлийг алдагдуулсан” буруутгасан, шүүхээс “УИХ-д ард түмнийг төлөөлөн сонгогдож иргэдийн төлөө юу ч хийгээгүй” гэж дүгнэсэнд ихэд гомдож шүүх бүрэлдэхүүн болон прокуроруудыг парламентэд сонгогдсон хугацаандаа хийсэн ажлуудынхаа тайлангаар булах шахжээ.  Гишүүн асан сонгогчдынхоо төлөө доорхи ажлуудыг хийсэн гэжээ.

“Улсын яллагчаас яллах дүгнэлтдээ намайг “ард түмний итгэлийг алдлаа” гэж бичсэн байсан. Мөн шүүх намайг “УИХ-д ард түмнийг төлөөлөн сонгогдож, олон нийтийн итгэлийг алдагдуулж иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь:

А. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт санаачлага, идэвхтэй ажиллаж тойрогтоо “Таван толгой түлш” шахмал түлшний үйлдвэр байгуулж, 1200 гаруй ажлын байр бий болсон.

Б. Шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлыг өөрийн тойрог 20 дугаар хороон дээр санаачилж, УИХ-ын тогтоол гарсан. Өмхий үнэр, агаар, хөрс усны бохирдол багасаж, гэр хорооллыг барилгажуулах зэрэг ажлыг хийсэн.

В. 10 орчим жил тог цахилгаангүй байсан 3000 өрх айлыг тог эрчим хүчээр хангаж, дэлхийн жишигт нийцсэн шинэ эмнэлэг, анхны эко сургууль, 9 шинэ цэцэрлэг, 5 сургууль, зам, гэрэлтүүлэг гэх мэт бүтээн байгуулалтыг хийсэн.

1-12 насны бүх хүүхдийг “Үдийн хоол”-той болгох олон хуулиудыг санаачлан иргэдийнхээ итгэлийг дааж ажилласан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас дахин нэр дэвшиж чадаагүй” хэмээн гомдолложээ. Өмгөөлөгч нар нь  ч ЖДҮ-гийн олон хэргүүдийн дундаас Б.Ундармаагийн хэргийг л нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг хэт дөвийлгөн авч үзсэн гээд хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийн төлөө үйлдвэр байгуулах зорилгоор авахад тодорхой дэмжлэг л үзүүлсэн гэж баталжээ. Б.Ундармаад хорих ял оноогоогүй нь түүний эрүүл мэндийн байдалтай холбоотойгоос үүдсэн. Гишүүн асан байнгийн эмчилгээнд байх шаардлагатай, бүр насан туршдаа эмчлүүлэх оноштой гэж гарчээ. Мөн олон удаа хүнд хагалгаа хийлгэсэн гэдэг ч гадаадын эмнэлгүүдээс авчирсан магдлагаанд нь нарийн тодорхой тусгаагүй, зарим хагалгааны тухайд сорвиноос өөр үзүүлэх баримт байгаагүй гэнэ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ