alim.mn | 2024.12.23
Монголчууд 30000 хонь бэлэглэсний хариу болгож өгсөн гэх вагон дүүрэн бэлэг хаачив?

Манайхан өргөн, нарийн цариг гэж 10 гаруй жил хэрэлдээд, одоо ч маргаан дууссангүй. Харин хятадууд төмөр замд энэ асуудлыг шийдсэн хятадууд дугуй хоорондын зайг царигийн өргөнд тохируулдаг технологийн арга нэвтрүүлжээ. Энэхүү шинэ технологийн галт тэрэг Монгол, Орос зэрэг оронд чөлөөтэй зорчих боломжтой. Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн оны өдийд ийм тусгай галт тэрэг манай улсад иржээ. Ийм галт тэрэг дүүрэн бэлэг Монголд илгээсэн, ирсэн юм байна. Энэ бэлгийг өнгөрсөн оны өдийд, Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлаад 30 000 хонь бэлэглэсний "Аяганы хариу" болгон өгсөн аж. Хятадууд бэлэг өгсөн хүний сав хоосон буцаах хүмүүс биш гэдгийг хятадуудтай хамтран ажилладаг хэн бүхэн мэднэ.

 “Энэ бэлгийг тээн авчирсан нь өнгөрсөн оны өдийд болсон үйл явдал юм байна шүү” гэж Хятад хэлний манай өмнөө барих орчуулагч Д.Болдбаатар анхааруулжээ.

 Манайхан 30 мянган хонь өгөхөөр боллоо, цуглууллаа өглөө гэж өдөр шөнөгүй шахуу мэдээлсэн. Монгол хонины махыг Хятадын Ухань хотод хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, сувилагч нарт хүргэлээ гээд, нүүр дүүрэн инээмсэглэсэн хятад эмч нарын зураг хүртэл гарсан юм. Гэтэл 30 000 хонины хариу бэлэг болж ирсэн вагон дүүрэн бэлэг яагаад олон түмэнд хүрэлгүй нам дарагдаад өнгөрсөн байдаг билээ.

Монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэдэг. Ийм утгатай үгийг Монгол Улсын ерөнхийлөгч хэлсэн. Айлчлалын үеэр Монголын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонссоны дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин хариуд нь “Дусал ус мэт ачлал үзүүлвээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээн Күнзийн үгийг иш татан хэлсэн билээ. Тэр хүн зүгээр хоосон үг хэлэхгүй...
  Уг тусгай галт тэргээр 250 ширхэг арилжааны автомашин тээвэрлэгдэн ирсэн тухай Хятадын нөлөө бүхий том хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд мэдээлээд өнгөрсөн байна. Гэтэл ард иргэд бид яагаад энэ тухай дуулалгүй өнгөрдөг билээ? Засгийн газар, Гадаад харилцааны яам энэ мэдээллийг яагаад албан ёсоор дамжуулсангүй, ард түмэнд хүргэсэнгүй. Манайд хятад хэлтэй хүн ховор болохоор энэ мэдээг олж уншаагүй нь мэдээж.

Мөн тухайн үед Хятадын засгийн газраас Монгол Улсад 450 000 ширхэг сайн чанарын амны маск бэлэг болгон өгсөн тухай Гонконгийн "Галт шувуу" телевизээр мэдээлж байсан.  Харин манайд тэр бэлэг ирсэн, албан ёсоор хүлээн авсан тухай мэдээллийг бид олж уншсан уу, мэдсэн үү? Дээгүүрээ хэдэн дарга нар хувааж аваад, эхнэр хүүхэддээ өгөөд дуусгав уу?

Олон улс, донор орнуудын зүгээс ядуу буурай, хатуу хэлэхэд “гуйлгачин” имижтэй манай улсад хангалттай их доллар, эд материалын тусламж үзүүлсэн. Цар тахалтай холбогдуулан сайн санааны үүднээс гар сунган өгч байгаа иймэрхүү эд материалын тусламжийг манай дээр төрийн өндөр албан тушаалд байгаа “сайн эрчүүд” олон түмэнд мэдэгдэлгүй сэмхэн хувьдаа шингээгээд байгаа юм биш биз дээ?
Монголд бэлэглэх бэлэгтэй, дүүрэн ачаатай галт тэрэг ирснийг яагаад нууцлах болов? Тэр дунд үнэхээр 250 ширхэг үнэ цэнтэй машин техник байсан уу?Хэрэв ирсэн бол хэний гараар оров, эсвэл хаана хадгалж байна вэ? Яагаад хөрш БНХАХУ-аас 30 000 хонины хариу бэлэг ирснийг Монголын ард түмнээс нууцлав гээд эргэлзээтэй асуулт олон байна.  

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
202.179.24.170
СОНГУУЛИАР ХҮРЭЛСҮХЭЭС АСУУНА.
Төстэй мэдээ