Энэ гайхалтай түүх 1930-иад онд Аргентинд болжээ. Тухайн үед энэ улс нь Өмнөд Америкдээ хөгжлөөрөө тэргүүлж байсан тул хилийн чанадаас олон мянган цагаачид нөмрөн ирсэн. Тэднээс 1880 оны эхээр ирж шургуу хөдөлмөрөөрөө баяжсан ирланд цагаач гэр бүл хөрөнгө чингээгээрээ дээшилсээр аажмаар дээдсийн хүрээлэлд оржээ. Он жил удахын хэрээр Кавана хэмээх испани овог авсан. Охин Корина тухайн үедээ дээдсийн хүрээлэнгийн хамгийн үзэсгэлэнт залуу авхай нарын тоонд орсон. Гэхдээ Аргентины элит зиндааны гол цөм нь уламжлалт испани явгууртнуудын удмынхан хэвээрээ байв . Тэд гарал угсаагаа эрхэмлэж гаднаас орж ирэгчдийг хялайн үздэг. Тийм хүний нэг нь Коринагийн сэтгэлт залуугийн ээж Арагон овгийн хүндэт хатагтай Мерседес Кастелланос де Анчорена байжээ. Тэдний овгийнхон удам угсаагаа 400 зууны тэртээ Өмнөд Америкт хөл тавьсан испаний тайж, хөлөг баатар Арагоноос эхлэн тоолдог, гарал угсаагаа ихэд эрхэмлэдэг бас бахархдаг хүмүүжилтэй. Тийм ч учраас хатагтай Мерседес хүүгээ хэдий баян ч удам угсаагүй ирланд цагаачийн охинтой гэрлэхийг нь тас хорьжээ. Сэтгэлт хоёр сөрж үзсэн ч захирангуй хатагтай хүүгийнхээ тайж язгуурт цол хэргэм болон өмч хөрөнгө залгамжлах эрхийг нь хасна хэмээн хатуу анхааруулж сүрдүүлсэн аж. Бүхнийг өөрийн хүслээр болгодог ээжийгээ ингэж чадна гэдгийг мэдэх хүү нь эцсийн эцэст дурлалт бүсгүйгээсээ холбоогоо тасалжээ. Ирээдүйн хадам эхдээ гологдсон Корина маш их гутарч гунигласан ч аз жаргалыг нь сүйрүүлсэн эмэгтэйгээс хариугаа авахаар эрс чанга шийдэж үүний төлөө эд хөрөнгөө бүгдийг нь зориулсан ч чадахаар хурцлагдсан. Бүсгүй тэр үед гэр бүлийнхээ их хөрөнгөний цорын ганц эзэмшигч болоод байв. Ингээд олон арга төлөвлөсний эцэст нэгийг нь сонгожээ. Арагоныхон угсаа гарал дээгүүр тэдийгүй үлэмж чинээлэг гэр бүл байсан. Гэр бүлийнхээ нэр хүндийг өргөх алдаршуулах үйл байнга хийж ирсэнээс ганц бахархал нь улсынхаа нийслэлийн төвд өөрийн хөрөнгөөр бариулсан Гэгээн Сакраментогийн сүм байлаа. Энэ сүм нь тухайн үедээ Буэнос-Айрес хотын хамгийн өндөр бас хамгийн сүр жавхлант барилга гэгдэж байв . Энэ сүмд хатагтай Мерседес маш их хайртай бас маш их бахархдаг байжээ. Байшин нь сүмээс холгүй агаад өглөө бүр хатагтай байшингийнхаа таван давхраас сүмээ харж баясдаг, мөн сэтгэл санаа нь тавгүйдсэн үедээ цонхоо онгойлгож эсвэл тагтан дээрээс сүмээ хараад л тайтгардаг гэж ярьдаг. Мэдээж Корина энэ яриаг сонссон байсан. Ингээд тэрээр нэлээд авлигал өгч байж Арагоны байшин болон сүм хоёрын дунд барилга барих газрыг зөвшөөрлийн хамт авч чаджээ. Барилгынхаа зургийг Аргентиний нэрт уран барилгачид болох Эрнэсто Логас, Грегоре Санчес нараар гаргуулж барилгын ажлыг нь өөрийн адил цагаач гэр бүлээс гаралтай инженер Рудольфа Червинигийн барилгы компаниар хийлгэжээ. Корина бариулах барилгаа Арагоны байшингаас сүмийг бүрэн халхлах хэмжээний том өндөр байх ёстой хэмээн захиалага өгчээ. Мөн Гэгээн Сакраментогийн сүмээс гоё сүрлэг, сүр жавхлантай болох ёстой гэжээ. Ийнхүү испани уран барилгын уламжлалт “АртДеко” хэв маяг болон тухайн үеийн архитектурын шинэлэг санааг инженерийн гайхамшигтай шийдэлтэй хослуулсан 120 метр өндөр “Edificio Kavanagh” буюу “Кавана” цамхаг 12 сар баригдаж 1936 онд Буэнос-Айрем хотноо сүндэрлэн босжээ. Энэ үед Корина 39 настай ганц бие хэвээрээ байжээ. Тэнгэр баганадсан цамхаг Аргентиний төдийгүй Өмнөд Америкдаа хамгийн өндөр нь болов. Мөн сүр жавхлан гоо сайхнаараа Гэгээн Сакраментогийн сүмээс ч давсан. Нийт 104 өрөөтэй цамхаг нь сүмийг Арагоны байшингаас бүрэн халхалжээ. Хатагтай Мерседес байшингийнхаа таван давхарт амьдардаг тул Корино мөн цамхагийнхаа таван давхарт өөрөө оржээ. Давхрынхаа бүх цонхыг Арагоны байшингаас бүх зүйл нь тод сайн харагдахаар цэлгэр том хийлгэжээ. Өрөөгөө Европ, Америкаас захиалж авчруулсан тавилгаар зориуд маш тансаг тохижуулсан. Ийнхүү хатагтай Мерседес өглөө бүр хайртай сүмээ тольдож баясахын оронд бэр нь болох гээд гологдсон эмэгтэйг хэрхэн тансаглаж байгааг харж зогсдог болжээ. Энэ нь язгууртан хатагтайд сэтгэлзүйн том цохилт болжээ. “Гайтай цамхаг баригдсанаас хойш ээж хурдан хөгширсөн” хэмээн Арагоныхон хожим нь ярьдаг байсан гэнэ. Хатагтайг нас барсаны дараа Корина цамхагийнхаа 14-р давхар луу нүүж оржээ. Ирланд цагаачийн охин энэ цамхагтаа хоёр үе дамжин хураасан их хөрөнгөө бүрэн зарцуулж дуусгасан аж. Хожим нь тэрээр гэрлэсэн. Гэхдээ үр удам нь өмнөх шигээ хөрөнгөлөг болж чадаагүй ч цамхаг уран барилгын шинэ үеийн нэгэн гайхамшиг болон үлджээ. Олон арван жилийн турш “Edificio Kavanagh” цамхаг нь дотооддоо төдийгүй гадаадад Буэнос-Айрес хотын нэрийн хуудас болж явжээ. Яг л Парисын Эйфелийн цамхагийн үүрэг гүйцэтгэж ирсэн. 1994 онд Америкийн уран барилгын нийгэмлэгээс цамхагийг “Өмнөд Америкийн иргэний түүхэн барилга” гэж өргөмжилсөн. 1999 онд Аргентиний Засгийн газар “Үндэсний түүхийн өв” хэмээн зарлаж хуулийн хамгаалалтанд авсан. 2004 онд ЮНЕСКО “Edificio Kavanagh” цамхагийг дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.