alim.mn | 2024.12.27
ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой хүмүүсийг албадан эмчлэх газарт эмчлүүлэгч амиа хорлож, 388 эмчлүүлэгч гавлагджээ

Энэ харамсалтай явдал өнгөрсөн оны эхээр болж хэвтэн эмчлүүлэгч амиа хорлосон. Нийслэлээс 250 км зайд орших Төв аймгийн Баян сум дахь Хөдөлмөр, эмчилгээ, асрамжийн газрыг 2003 онд ТӨХ-ны шийдвэрээр Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх газар болгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт харьяалуулсан. Учрал гарахаас өмнө буюу 2019 оны намар прокурор болон Төв аймгийн МХГ хамтран тус газарт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар ШШГЕГ-д шаардлага хүргүүлж байжээ. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 18-ны хооронд давхардсан тоогоор 388 эмчлүүлэгчид гарын гавыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдын биед гэмтэл учруулж болзошгүй гэх үндэслэлээр хэрэглэсэн, ... хоолны өрөө, сувилагчийн өрөө, хувцас солих өрөө, гадна талын хаалга хэсэгт камер суурилуулаагүй, 2019 оны 9 -р сараас 2019 оны 11-р сар хүртэлх хугацаанд албадан эмчлүүлэгч нарыг салхилуулаагүй..., албадан эмчлүүлэгч нарын сэтгэц засрал байдлын талаар сар тутам эмчилж буй байгууллагын тодорхойлолт авч хяналтын хувийн хэрэгт хавсаргаж ажиллах заалт огт хэрэгждэггүй зэрэг зөрчил илэрчээ. Түүнээс гадна эмнэлгийн байрны өрөө тасалгааны хүрэлцээ, эмийн хангалт  муу, эмнэлгийн тоног төхөөрөмж дутагдалтай, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хэтэрч, хөнжил, цагаан хэрэгсэл, орны тоо хүрэлцэхгүй байгааг шаардлагад тодорхой заажээ. Ажилтнуудын орон тоо дутуу, эмнэлгийн байрны ахуйн нөхцөл эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй гэж гарсан.  Тус газрын байр нь 1960 онд цэргийн зориулалтаар баригдсан, ашиглалтын хугацаа дууссанаас гадна хүчин чадлаасаа хоёр дахин их эмчлүүлэгчдийг хүлээж авч байсныг МХГ тогтоосон.  Эмчлүүлэгч амиа хорлосны дараа болсон бас нэг ноцтой явдал нь 2020 оны 3-р сарын эхээр шууд харьяалах ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг  АТГ баривчилсан. Экс даргыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан гэж буруутгасан. Тэр дор нь Д.Загджав тэргүүтэй удирдлага Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх газрын явдалд түүнийг буруутган ажлаас нь халжээ. Хоригдсоны маргааш нь л өргөдлөө өгөх тулгалт ирсэн гэнэ. Өдгөө байдал ямар байгаа нь тодорхойгүй. Тус газрын төсвийг нэмэх, байрны нөхцлийг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, орон тоог өргөтгөх зэрэгт ШШГЕГ тодорхой арга хэмжээ авалгүй иржээ. Цар тахлын үед тоо нь хэтэрсэн хэвтэн эмчлүүлэгчдийн халдвар хамгаалал төсөв мөнгөний улмаас хүндэрсэн нь ойлгомжтой.   Гуравхан сарын дотор 388 эмчлүүлэгч гавлуулсан хэрэг гарч байсан тул хүний эрхийн зөрчлийн асуудалд нь ХЭҮК анхааралдаа авах ёстой.  

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ