
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, хүүхэд хамгааллын 108, цагдаагийн 102 тусгай дугаарт ирж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэлтэй танилцлаа. Энэ төрлийн дуудлага, мэдээллийг Орон зайн нэгдсэн мэдээллийн системд бүртгэж, ирсэн дуудлага бүрийн үнэн эсэхийг нягталж, шалгадаг болжээ. Он гараад нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2.5 дахин нэмэгдсэн бөгөөд 1.700 орчим дуудлага, мэдээлэл иржээ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон бүртгэгдсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Гэмт хэргийн гаралттай холбоотой мэдээллийг системд хурдан оруулж, удирдах албан тушаалтнуудад шуурхай мэдэгдэж, зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй. Улаанбаатар хотын хэмжээнд 35 мянган төрийн албан хаагч ажилладаг. Тэднээс мэргэжлийн хяналт, цагдаа, эмч гээд нийт 16 мянган албан хаагч нэгдүгээр шугамд ажиллаж байгаа.
Нэг ч гэсэн иргэний эрүүл мэндийн хамгаалахын төлөө, нэг ч гэсэн хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэхгүйн төлөө, согтуугаар тээврийн жолоодож өөрийн болон бусдын амь насанд халдах нөхцөл байдал гаргуулахгүйн төлөө бид ажиллаж байна” гэлээ.